Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2012-2014 оны эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 2013-2014 онд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоог 2012 оныхтой харьцуулахад 3.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 1.4 хувиар, захиргааны зөрчил 12.9 хувиар тус тус өсчээ. Товчхондоо шүүхээр хянан, шийдвэрлэгдсэн эрүүгийн гэмт хэргийн тоо өссөн. Үүнийг нөгөө талаас улс орны эдийн засгийн хямрал, иргэдийн орлоготой холбон тайлбарлаж болно гэдгийг судлаач онцоллоо. Мөн шүүхээс хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хүний тоо 8.2 хувиар нэмэгдсэн аж. Хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлөөний аюулгүй байдал, ашиглалын журмын эсрэг гэмт хэрэг, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх зэрэг гэмт хэргүүд сүүлийн 3 жилийн дунджаар хянан шийдвэрлэгдсэн нийт хэргийн 59 хувийг эзэлсэн байна. Бусдын биемахбодид хүнд гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх хэргүүд өссөн бол хүнийг санаатай алах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журмын эсрэг гэмт хэрэг, эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.
Харин ял шийтгүүлэгчдийн байдлын хувьд урьд ял шийтгүүлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн тоо өсөх хандлагатай байгааг судлаачид ярьлаа. Түүнчлэн бүлэглэж гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн, эмэгтэй ял шийтгүүлэгчдийн тоо бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна. Харин давтан гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо багассанаас гадна насанд хүрээгүй ял шийтгүүлэгчдийн тоо 17 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт болжээ.
Ял шийтгүүлэгчдийн насны хувьд сүүлийн 3 жилийн дунджаар ял шийтгүүлсэн хүмүүсийн 2 хувийг 14-15 насны, 4.4 хувийг 16-17 насны, 49.5 хувийг 18-29 насны, 17.2 хувийг 30-34 насны, 26.3 хувийг 35-аас дээш насны хүмүүс тус тус эзэлж байна. Боловсролын хувьд ял шийтгүүлсэн хүмүүсийн 12.2 хувь нь дээд, 3.7 хувь тусгай дунд, 46.8 хувь нь бүрэн дунд, 17.2 хувь нь суурь, 0.08 хувь нь техникийн болон мэргэжлийн анхан шатны, 12.9 хувь нь бага боловсролтой, 7.2 хувь нь боловсролгүй хүмүүс байсан байна. Тухайлбал ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.7 хувийг эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс эзэлсэн нь анхаарах асуудал болжээ.
Д.УЛАМБАЯР