Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэгчдийг Зөрчлийн тухай хуулиар 50-500 мянгаар торгож, бүтээгдэхүүнийг нь хураанаа гэж мэдэгдэж буй. Өнөөдрийн байдлаар Хүй долоо худагт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдсэн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгаалалтын Улсын ахлах байцаагч Г.Батсүрэн хэлэв. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдсэн байна. Бидний зүгээс одоогоор торгуулийн арга хэмжээ авч, бүтээгдэхүүнийг нь хураагаагүй. Маргаашаас А цэгт нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв маргааш наадмын талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлбэл ямар ч өршөөлгүй бүтээгдэхүүнийг нь хурааж торгох болно. Өнөөдрийн хувьд сануулах арга хэмжээг өгч ажиллаж байна. Үүн дотор хорхог худалдаалж буй иргэд ч багтана” гэлээ.
Хүй долоо худагт шаар буудах, газраар уут дэвсэн малгай, зурагт наалт, мөнгөний гахай, бэлэг дурсгалын зүйлс гэх мэт түмэн зүйлийн бараа бүтээгдэхүүн борлуулагчид наадмын талбай эгнэн байрлаж буй харагдсан. Түүнчлэн “хорхог аваарай” гэх хүмүүс ч өчигдрийнхөөс олширчээ.