Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон улсын зах зээл дээр нэг тэрбум ам.долларын бонд, үнэт цаас гаргах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу эхний ээлжинд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн бонд гаргахаар болсон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээл дээр нэг тэрбум юань буюу 161 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бондыг амжилттай арилжаалсан байна. Засгийн газрын бондын жилийн хүү 7.54 хувийн хүүтэйгээр зарагдсан аж. Монголын Засгийн газрын бондын төлөө 44 байгууллага, 1.5 тэрбум юанийн захиалга ирүүлсний дотор 93 хувь нь Азийн, үлдсэн нь Европын хөрөнгө оруулагчид байжээ. Монголын “Димсам” бондыг арилжаалах үйл ажиллагаанд “Citic CLSA Securities”, “China Citic Bank International”, HSBC, ING болон “TDB Capital”, “Улаанбаатар Катипал” банкууд ажилласан байна.
Б.ЗУЛ