Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой өнөөдөр /07.11/тохиож байна. Энэ өдөр Монголчууд үндэсний хувцсаараа гангарч, эрийн гурван наадмаа үзэж, баярлаж нааддаг уламжлалтай. Энэ баяр бол Монгол улсыг олон улсад таниулах хамгийн том арга хэмжээ. Үүнийг үзэх гэж зөвхөн долдугаар сард 100 орчим мянган жуулчид манай улсад ирдэг.
Үндэсний Их баяр наадмыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчидтай уулзаж, наадмын нээлт, баярын талаарх сэтгэгдлийг хүргэж байна.
Доминик, Франц улсын иргэн
Би анх удаа Монголд ирж байна. Эхнэр маань Монгол бүсгүй бий. Бид гэр бүлээрээ сарын өмнө ирсэн. Архангай, Өвөрхангай, Булган, Тэрэлж гээд Монгол орны үзэсгэлэнт газрууд явж, онгон байгалийн сайхныг харлаа. Надад Монгол орны хөдөө маш их таалагдсан. Бид Нийслэлд өчигдөр ирсэн, их халуун бүгчим байна. Гэхдээ орчин үеийн барилга, байшингууд ихтэй юм.
Уг нь Цэнгэлдэх хүрээлэнд очиж, наадмын нээлт үзэх гэсэн боловч тасалбараа авч амжсангүй. Дараа ирвэл заавал үзнэ. Наадамд зориулж өмсөж байгаа дээл, гутал, малгайгаа авсан. Монгол хүн болоход одоо надад хамрын тамхи л дутуу байна даа.
Херард, Голланд улсын иргэн
Монголын наадам их сэтгэл хөдөлгөм байлаа. Нээлтийн арга хэмжээний их таалагдлаа. Ялангуяа морины үзүүлбэр их сүртэй юм. Мөн Монголчууд өөрсдөө энэ баяраараа их аз жаргалтай байдаг юм шиг санагдлаа. Би хөдөө нутгаар явж Монгол айлд хоносон. Амьдралын хэв маяг, орчин биднээс их өөр юм.
Жастина, Канад улсын иргэн
Монгол орныг би тамирчдаар нь мэднэ. Дэлхийд агуу түүхтэй, бас аварга тамирчидтай улс. Би өөрөө чөлөөт бөхийн тамирчин хүн. Тэгээд Монгол улстай хамтын гэрээгээр багаараа ирчихээд байна. Бид арвуулаа ирсэн. Багш маань Монгол хүн. Урьд нь би ингээд Их Монгол улсын баяр наадмыг үзнэ гэж зүүдэлсэнгүй. Үнэхээр сайхан байна. Канад бол 150 жилийн түүхтэй бол Монгол улс эртний түүхт улс юм. Ийм оронд төрсөн хүмүүс хүчтэй, ухаантай байх нь аргагүй юм гэж бодогдлоо.
Тайлбар: Чөлөөт бөхийн 2018 оны дэлхийн аварга. Тэрбээр Монгол Улсын тамирчин О.Насанбурмаатай алтан медалийн төлөө барилдаад ялсан. Манай улсад 14 хоног хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн байна.
Фабинн, Франц улсын иргэн
Монголд ирээд хоёр хонож байна. Өглөө есөн хөлт цагаан туг залах ёслол үзсэн. Одоо наадмын нээлт үзээд явж байна. Надад маш их таалагдаж байна. Түүх соёл, уламжлал нь манай улсаас огт өөр юм. Нээлт үзээд Монголчууд байгаль, ан амьтадтайгаа их ойрхон хүмүүс юм гэсэн бодол төрж байна. Бас бүсгүйчүүдийн өмссөн үндэсний дээл гайхалтай санагдсан. Их өнгөлөг, загварлаг юм.
Францес, Австрали улсын иргэн
Би Монголд анх удаа ирж байна. Монгол наадам их сайхан баяр байна. Нээлтийн арга хэмжээний зохиомж надад их таалагдлаа. Ялангуяа Монгол улсын хөгжлийг эртний үеэс одоог хүртэл түүхэн он цаг, үйл явдлаар зохиомжлон харуулжээ.
Наадмын дараа би Хөвсгөл явна. Их сайхан газар гэж сонссон. Догдолж байна шүү. Монгол хүмүүс их эелдэг, уриалагхан. Миний бодлоор Монгол улс хөгжих их боломжтой улс юм.
Ц.АРИУНЗАЯА