Хэт халалтын улмаас дөрвөн хүн ухаан алджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Хэт халалтын улмаас дөрвөн хүн ухаан алджээ

Хэт халалтын улмаас дөрвөн хүн ухаан алджээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олон цугларч өргөн дэлгэр наадаж байна. Энэ жилийн тухайд цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, Тээврийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үеэр Төв цэнгэлдэх орчмын нөхцөл байдалтай танилцсанаа хүргэе.


ЖОЛООЧИД ЗӨВШӨӨРЛИЙНХӨӨ ДАГУУ ЗОГСОХГҮЙ БАЙНА

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Нээлтийн цагаар нэлээд ачаалалтай байсан. Жолоочид зөвшөөрлийнхөө дагуу зориулалтын зогсоолд зогсохгүй байгаа байдал ажиглагдлаа. Түүнээс гадна зөвшөөрөлтэй хэдий ч тээврийн хэрэгслээ дугаарыг бичээгүй гэх мэт зөрчлүүд гарч байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа боловч зарим жолоочоос шалтгаалаад тухайн зам уулзвар, тэр чигээрээ түгжрэх байдал ажиглагдаж байгаа юм.

Тиймээс жолоочид хөдөлгөөнд оролцож буй бусад тээврийн хэрэгсэлдээ саад болохгүй хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. ТЦА-аас Хүй долоон худаг, Төв Цэнгэлдэх орчимд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Маргааш өглөө Соёолонгийн уралдаан эхлэхэд нэг чигийн хөдөлгөөнөө зохион байгуулна. Иргэд хашаа хайс давах, урсгал сөрөх тохиолдлууд гардаг. Өнгөрсөн онд баяр наадмын өдрүүдэд 16 хүн зам тээврийн осолд өртөж амиа алдсан. Тэгэхээр осол гэмтэлгүй наадамлахыг ТЦА-аас нийт жолоочдодоо уриалж байна. ТЦА-аас баяр наадмын өдрүүдэд 650 орчим алба хаагч, Хууль сахиулахын их сургуулиас 70 орчим сонсогч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна"гэв.

ГАР ДЭЭРЭЭС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, соёлын хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш "Баяр наадмын үеэр нийтдээ худалдаа үйлчилгээний зөвшөөрөгдсөн 600 цэг үйл ажиллагаа явуулж байна. Төв цэнгэлдэх орчимд мэргэжлийн хяналтын 400 гаруй ажилтан хяналт тавьж байна. Түүнээс гадна Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байнгын хяналт тавьж байна. Бид худалдаа үйлчилгээний чиглэлээр орчны эрүүл ахуйн ариун цэвэр, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавьж буй. Хамгийн гол нь зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ явуулах зөрчил нэлээд бүргэгдэж байгаа. Тэгэхээр иргэд та бүхэн зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ явуулж байгаа газраас худалдан авалт хийхийг уриалж байна. Нийтлэг байдлаар хаана ямар газар үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй гар дээрээс худалдан авалт их байгаа юм" гэлээ.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ОРЧИМД 68 ХЯНАЛТЫН КАМЕР БАЙРЛУУЛСАН

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах үүднээс 2019 оны долдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийтдээ авто, явган эргүүл, мөн үер усны аюулаас сэргийлэх чиглэлээр завьт эргүүл гэх мэтээр 1400 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй.

Өнөөдөр 13.00 цагийн байдлаар Төв цэнгэлдэх орчимд гэмт хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд ирээгүй байна. Бид баяр наадмын үеэр тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байгаа.

Тухайлбал, Төв цэнгэлдэх орчимд 68 хяналтын камер байрлуулсан. Үүний тусламжтайгаар тухайн сэжиг бүхий этгээдийг өндөр, нам нас хүйс, тухайн гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн цаг гэх мэтээр ялгамжтайгаар мэдэрдэг онцлог камер юм. Түүнчлэн баяр наадмын үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгах, цахилгааны өндөр хүчлийн шугамд өртөх, алга болох зэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Бид хүүхдийг төөрөхөөс сэргийлж 10 мянган бугуйн чипийг бэлтгэсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд алга болсон тохиолдолд эцэг эхийг нь утсыг тэмдэглэж өгч байна. Үүгээрээ хүүхдийг төөрөхөөс сэргийлж, хүүхдээ хаана байгааг мэдэх боломжтой. Одоогийн байдлаар гэмт хэргийн зөрчил мэдээллийн дуудлагагүй байгаа боловч түргэн тусламжийн дугаарт дөрвөн хүн наршиж, ухаан алдсан гэх мэдээлэл ирсэн байна. Бусдаар нөхцөл байдал тайван ард иргэд маань сайхан наадаж байна" гэв.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж