Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд багагүй бүтээн байгуулалт өрнөсөн билээ. Тодруулбал, түрүү бөхчүүдийн барилдаан ихээхэн удах юм бол гэрэл байхгүй учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал болчихдог. Тэгвэл энэ жил цэнгэлдэхийн гаднах дөрвөн шон тус бүрт салаа 18 ширхэг 1000 ваттын хүчин чадалтай 72 гэрлийг байрлуулсан. Мөн үүнээс гадна төв асрын өөдөөс харсан суудлууд буюу бөхчүүд суудаг асрын баруун, зүүн урд талд нийтдээ 110 метр орчим урттай, 2200-2700 орчим хүн багтахаар сүүдрэвч барьсан юм. Нарнаас хамгаалах сүүдрэвчийг “Төв цэнгэлдэх” ХХК 450 орчим сая төгрөгөөр хийлгэсэн бол гэрэлтүүлгийн хувьд 266 сая төгрөгийг наадмын зохион байгуулах комисс болон "Төв цэнгэлдэх” ХХК хуваан гаргажээ.
Үүнээс гадна жил бүр наадамчин олонд тулгардаг бэрхшээл бол "морь харах”. Наадам үзэх гэж очсон иргэд хэдхэн тооны 00-д дугаарласаар өдрийг бардаг. Энэ жил ч мөн адил дээрх байдал өөрчлөгдсөнгүй. Төв цэнгэлдэх хүрээлэн нийт зургаан бие засах газартай ч өнөөдрийн байдлаар ердөө гуравхан бие засах газар ажиллаж байна. Гэхдээ 12 дугаар хаалганы хажууд байрлах бие засах газар бөглөрсөн учир яг одоо засвар хийж байна. Нэг бие засах газарт зургаан хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой юм. Наадмын үеэр нэмж, зөөврийн 20 гаруй био жорлонг байршуулсан ч уртаас урт дараалал үүссэн харагдана. Цаашдаа энэ мэт үйлчилгээндээ анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж, мөн зарим эмх замбараагүй худалдааг цэгцэлчихвэл наадамчдад илүү тухтай л болох гээд байна даа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ