Олны хөлд дарагдсан Төв цэнгэлдэхийн дүр төрх

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Олны хөлд дарагдсан Төв цэнгэлдэхийн дүр төрх

Олны хөлд дарагдсан Төв цэнгэлдэхийн дүр төрх

Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийн ганцхан наадмын өглөө ургах наран хүртэл илчээ төөнөн улалзана. Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг. Өнгөрсөн жилийн энэ өдөр цаг агаар бороотой үүлэрхэг байсан бол энэ жил нарлаг тогтуун байгаа учраас Төв цэнгэлдэх наадамчин олны хөлд илүүтэй дарагджээ. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон хуушуурын асрууд, хүйтэн ундаа, амтат мөхөөлдөс, борооны шүхэр, хүүхдийн тоглоом, нарны шил гээд  хүний хэрэгцээт бүх зүйлс бий.

Наадамчин олон хуушуур амтлахаар дугаарлаж харагдав. Уг нь шаргалтан харагдах хуушуур жирийн л нэг хоол. Харин наадмын үеэр бол жинхэнэ “моодны” хоол болдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. “Сайхан халуун хуушуур байна шүү”хэмээн хоолны газрын ажилчид зөрж өнгөрөх хүмүүсийг уриалгахан урина.

Төв цэнгэлдэхэд үхэр, хонины махаар хийсэн хуушуур, халиартай хуушуур зэрэг 1500 төгрөгийн үнэтэй байх аж. Өнгөрсөн жил наадмаар нийтийн хоолны чиглэлээр 489 зөвшөөрөл олгосон бол энэ жил 400 зөвшөөрлийг олгожээ. Жилийн жилд наадмын хуушуурны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тухайлбал, 2017 оны наадмаар хуушуурны үнэ 800 төгрөг байсан бол 2018 онд 1000 төгрөг, энэ онд 500 төгрөгөөр нэмэгджээ. Дараа жил 2000 төгрөг болж нэмэгдэхэд гайхах хэрэггүй л бололтой. Гэсэн хэдий ч наадамчин олон  “Наадмын хуушуур амтлахгүйгээр наадамлана гэж юу байх вэ”  гэж байлаа. 

Энэ жилийн хувьд наадмын 6000 мянган тасалбарыг иргэдэд зарсан бол үүнээс гадна 3000 тасалбарыг гадаадын жуулчдад худалдсан. Тэгвэл монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр ирсэн гаднын жуулчдын төлөөлөл  “Нүүдэлчдийн хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс гэдгээр нь бахархаж, бишрэх басхүү дэлхийг байлдан дагуулж байсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих хүслээ биелүүлж байна” хэмээгээд үндэсний дээл хувцсаараа гоёсон монгол эмэгтэйчүүдийг өнгө өнгийн үзэсгэлэнт цэцэгстэй зүйрлэцгээж байв. Анзаараад байхад энэ жил бүсгүйчүүд торгоноос илүүтэй даавуун материалтай тэрлэгийг наадмын гоёлоор сонгоцгоожээ. Цэнгэлдэх рүү дотогш нэвтрэх тасалбаргүй иргэд хуушуур идэж, хөлөө амраахаас өөр газар, талбай тэдэнд үнэндээ алга. Наадмын уур амьсгалыг мэдрэх гэж цэнгэлдэх тойрч алхсан хүмүүст баярын уур амьсгал дунд амрах сандал байвал сайнсан. Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэн Нарантуул захыг санагдуулам байсныг нуух юун. Шаар шидэж хагалах самбар, хонжворт сугалаа, шивээс наах үйлчилгээ алхам тутамд таарна. Монгол бичгээр хүссэн үг бичиж өгдөг үйлчилгээтэй ч олон байлаа.

Жуулчид их байсан тул үндэсний хувцас, гоёл, бэлэг дурсгалын худалдаа нүдээ олжээ.  Ер нь зах, худалдааны төвүүдэд байдаг гэр ахуйн бараанаас бусдыг энд худалдаалж байна. Наадамчид  баярлах гэж Төв цэнгэлдэх хүрээлэнд очдог болохоос оймс, гутал, жимс авахаар очдоггүй. Хамгийн гол нь наадмын талбай хар зах биш шүү дээ.  Халуун наранд шороотой замаар удаан явсан хүнд амрах сандал, сүүдрэвч хоёр л их үгүйлэгдэх юм билээ. Жилд ганц болдог наадмын үйлчилгээндээ анхаарах  цаг хэдийнээ болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж