Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол боллоо

Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол боллоо

Монголын анхны төрт улс байгуулагдсны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлт 11.00 цаг Төв цэнгэлдэх хүрэээлэнд болно. Баяр наадмын нээлтэд зориулан Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж байна.

Нэгэн жолоон дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байсан түүхтэй. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимын өргөөнөө залагдсаар иржээ.

Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон есөн элч сүлдээс бүрддэг тул есөн хөлт Цагаан туг хэмээн нэрлэжээ.

Монголчууд Манжийн эрхшээлд орсноос хойш Цагаан тугийг Халх болон Өвөр монголын олон газарт тахиж байв. Халхын Түшээт хан аймгийн нутаг дахь Баруун хүрээ, Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу зэрэг хэд хэдэн газар ХХ зууны эхэн хүртэл тахисаар иржээ. Цагаан сүлдийн өдөр тутмын тахилга, сар бүрийн шинийн хоёрон, арван зургаанд гүйцэтгэдэг “Сарын тахилга”, жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн, гурван, таван, зургаан, долоонд гүйцэтгэдэг “Бага тахилга” хэмээх гурван тахилга байдаг.    Сүлдийг харж хамгаалдаг, тахилгын зан үйлийг нь эрхлэн гүйцэтгэдэг тусгай хүмүүс байсан бөгөөд тэд үе удам дамжин энэхүү албыг эрхэлсээр ирсэн тул “Тугчин” хэмээх овогтой болжээ.   Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн залж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ. Төрийн есөн хөлт Цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлуулж жил бүрийн улсын их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд залж цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэдэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж