Газар газрын хурдан шандаст хүлэгүүд уухайн түрлэгээр хурдалж, морь эргэх тоос нь хүртэл хийморь сэргээсэн, зүлэг ногоон дэвжээн дээрээ хүчит бөхчүүд нь авхаалж самбаагаа сорьсон, Монгол наадам эхэллээ. Уухайн түрлэгтэй хамт унаач хүүхдүүд гийнгоолж, уртын дуу эгшиглэх нь сайхан. Тусгаар улсад Монгол хүн болж төрсний хамгийн дээд баяр цэнгэлийг эндээс л мэдрэх шиг.
Монголын анхны төрт улс байгуулагдсны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой гээд олон түүхт давхацсан өдөр тохиож, олон түмэн дэнж хотойтол нааддаг дэлгэр зуныхаа баярыг хурдан морины хязаалангаар эхэлдэг уламжлалтай. Өнөө жилийн баяр наадамд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ магнайд хурдалсан бол үдээс хойш шүдлэн насны морьд уралдаж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар түрүү авсан билээ. Хүй долоон худагт өчигдөр /2019.07.10/Хязааланд 184, шүдлэн 236 морьд гарааны зурхайгаас хурдалсан нь энэ юм.
1000 ОРЧИМ ЦАГДАА ХЯНАЛТ ТАВЬЖ, ХАМГААЛАЛТАД ГАРЧЭЭ
Баярын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар болон дотоотын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, тээврийн цагдаагийн албанаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Ялангуяа, наадамчин олны хөлд дарагддаг Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг, Туул голын эргээр хяналт тавьж ажиллаж байгаа аж. Хүй долоон худагт Нийслэлийн цагдаагийн газрын 1000 орчим алба хаагч хяналт тавьж ажиллаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Баатархүү хэлэв.
Тэрбээр “Монгол Улсын цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Энэ жилийн баяр наадмаар гэмт хэрэг зөрчил одоогоор гараагүй тайван сайхан болж байна. Наадамчин олондоо хандаж хэлэхэд, урт хугацаагаар гэр орноо орхиж явах бол дохиолол суурилуулах, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлж, сонор сэрэмжтэй сайхан наадаарай” гэлээ.
Дэлгэр зунаараа дэнж хотойтол наадах нь сайхан ч унаач хүүхдүүдийн аюулгүй байдал нэн чухал юм. Эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж уралдаж буй хурдан морь унадаг хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд цагдаагийн байгууллагаас Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байгаа аж.
ХУРДАН МОРЬ УНАЖ БУЙ ХҮҮХДИЙГ УНАЖ БЭРТЭХЭЭС ӨМНӨ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Э.ЗОРИГОО:
-Хурдан морь унаж буй хүүхдийг унаж бэртэхээс болон тэдний дагаж буй автомашин унаач хүүхдийг мөргөж, гэмтээх, морь будлиантуулахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна. Энэ жил Засгийн газраас хурдан морь дагах машины тоог найм байхаар тогтоосон. Түүнчлэн худалдаа үйлчилгээний цэг болон автомашины зогсоолуудад сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч байна. Баяр наадмын өдрүүдэд хүүхэд эцэг эхээсээ төөрч алга болсон тохиолдолд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалах байранд хүргэж өгөх, эцэг эхэд нь мэдэгдэх чиглэлээр ажиллаж байна. Мөн Соёолонгийн тоос үзэж, хөлс авахаар иргэд сэтгэл хөдлөлөөрөө хандаж олноороо магнайд хурдалсан морьд руу дайрах, хүүхэд бэртээхээс урьдчилан сэргийлэх үүднээс сургагч нохойтой хамгаалалтын ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр тухайн бүс рүү орж болохгүй хориотой гэсэн дохиог сургагч ноход цагдаагийн бие бүрэлдэхүүний хамт наадамчин олонд ойлгуулж байгаа юм гэлээ.
Өнөө жилийн наадмаар хурдан морь уралдаж буй хүүхдүүд хар дуулга, хантааз, өвдгөвч, тохойвчтой болж, хамгаалалтын хувцас нь шинэчлэгдсэн байв. Энэхүү хамгаалалтын хувцас хэрэгслийг “Toyota sales Mongolia” тараасан нь энэ аж. Одоогоор хурдан морь уралдаанч 580 орчим хүүхэд бүртгэгдсэн ба энэ тоо өснө гэж Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрынхан мэдээлэв. Тус газрын хамт олон эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах, хамгаалах, уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, зөвлөгөө өгөхөөр ажиллаж буй юм.
ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ТАВАН ХҮҮХЭД МОРИНООСОО УНАВ
Тус газрын дарга Н.МАНДУУЛ:
-Энэ жилийн баяр наадмаар хурдан морины унаж буй уралдаанч хүүхдүүдийг хамгаалалтын хувцас, даатгал гэсэн хоёр зүйлээр хангаж буй. Хязаалан насны морьдын уралдаанд таван хүүхэд мориноосоо унасан. Гэмтлийн зэрэг хүнд биш. Бидний зүгээс гурван хүүхдийг тархины битүү доргилт авсан эсэхийг лавлуулахаар эмнэлэгт хүргэсэн бол хоёр хүүхэд нь хөл дээрээ унасан учраас гэмтсэн зүйл байхгүй. Мориноос унасан хүүхдүүд 7-11 насных. Баяр наадмын хуульд заасны дагуу долоогоос дээш насны хүүхэд уралдуулж байна. Бид технологийн дэвшлийг ашиглаж, уралдаанч хүүхдүүдийн мэдээллийг хурууны хээ ашиглан мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн учраас хүүхэд өөр морь унах асуудал байхгүй. Үндэсний их баяр наадмаар хурдан морь унаж буй хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулж байна. Хүүхдүүд 100 мянган төгрөгөөс дээш үнээр даатгуулж буй юм. Энэ утгаараа даатгалын нөхөн төлбөр нь 20 сая төгрөг. Уг ажлыг сүүлийн жилүүдэд зохион байгуулсан учраас уяачдын зүгээс уралдаанч хүүхдүүдээ даатгалд хамруулахгүй байх, үнэтэй байна гэх гомдол мэдээлэл багассан. Хурдан морь уралдахаар манай төвд бүртгүүлсэн хүүхэд бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдаж байна. Бидний зүгээс хүүхдүүдийг уралдахаас нь өмнө хамгаалалтын хувцас хэрэгслийг нь шалгаж, стандартын шаардлага хангасан хувцас өмссөн үгүйг нэг бүрчлэн шалгаж моринд нь мордуулдаг. Тиймээс хүүхэд хамгааллын асуудал харьцангуй сайжирсан.
ХУУШУУР 1500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Үндэсний их баяр наадмыг мэдээж хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн хувьд нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид хуушуурны үнээ 1500 төгрөг болгон нэмэгдүүлснийг махны үнийн өсөлттэй холбон тайлбарласан юм. Хэдийгээр махны үнэ нэмэгдсэн ч баярын өдрүүдээр хуушуурны үнийг 500 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үнэ хөөрөгдсөн болохыг иргэд санал нэг хэлж байлаа.
Баярын өдрүүдээр Хүй долоон худагт 160 аж ахуй нэгж нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тэдний зарим нь хуушуурныхаа үнийг нэмсэн ч сүүтэй цайгаа үнэгүй дагалдуулан өгч, хуушуурны амталгаа үзүүлдэг бол зарим нь ямар ч “найраагүй” хуушуураа 1500, сүүтэй цай 500, түмний ундаа 4000, хүслийн ундаа 2000, үзэмний шүүс 1000, жүүс 3000 төгрөгийн үнээр тус тус борлуулж байв. Зарим нь хуушууранд хачир үнэгүй дагалдуулан өгч байх аж. Таван алхам хүрэхгүй зайнд байрлаж үүдэндээ асар барьсан бор, цагаан монгол гэрийн үүдэнд “Хуушуураа аваарай, наадмын хуушуур идэхүү, бэлэн байгаа шүү” гэх зэргээр өргөн, нарийн хоолойгоор орилох нь чихэнд чийртэй ч юм шиг. Уг нь наадмын хуушуур гээд ихэнх нь л самбар өлгөсөн харагдана билээ. Энэ олон гэрээс иргэд амталгаатай, аль амттай, найрсаг үйлчилгээтэйг нь илүүд үзэж байгаа харагдсан. Хуушуур худалдаа эрхлэх цэгийн гадна зогсоолын талбайн орчимд иргэд хувиараа хорхог хийж, нэг аягыг нь найман мянгаар борлуулж, айраг ачсан машин зам даган эгнэнэ. Айраг литр нь 4000 төгрөг аж. Хорхог хийж буй хүмүүс махаа бэлдээд тавьчихсан, хонио ачсан байхыг тэднээс асуувал хорхог хийлгэх хүсэлтэй хүмүүст хонь гаргаж, хорхог хийж өгдөг учраас халуун наранд мах муудах асуудал гарахгүй гэж тайлбарлав. Энэ бол ил задгай зөвшөөрөлгүй худалдаа гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хэлсэн.
ЭНЭ ЖИЛ МАХ МУУДСАН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭНГҮЙ
НМХГ-ын Сонгинохайрхан дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгаалалтын Улсын ахлах байцаагч Г.БАТСҮРЭН:
-Долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хүй долоон худагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын 30 байцаагч хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдөр нийт 60 байцаагч 38 чиглэлээр хяналт тавьж ажиллана. Зөвшөөрөгдсөн цэгүүдэд Хүнсний аюулгүй байдлын хяналтыг тавьж байна. Ил задгай худалдаа эрхлэгчдэд өчигдөр зөвлөмж өгсөн, харин өнөөдрөөс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг нь хурааж, торгуулийн арга хэмжээ авна. Монгол наадмыг айраггүйгээр төсөөлөхгүй. Иймд худалдаанд гарч буй айргууд шороонд дарагдаж, хөдөө орон нутгаас ирэх нь түгээмэл байгаа учраас айраг худалдан борлуулж буй 10 цэгээс дээж авч шинжилгээнд хамрууллаа. Түүнчлэн махны хувьд 60 дээж авч шинжилгээнд хамруулахад ямар нэгэн шаардлага хангахгүй асуудал гараагүй. Өмнөх жилүүдэд мах муудах асуудал түгээмэл байсан бол энэ жил муудсан мах илэрсэнгүй. Энэ нь аж ахуй нэгж байгууллагууд жилээс жилд туршлагажиж байгаа байх. Түүнчлэн хорхог борлуулах тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж байхгүй. Хэдийгээр уламжлалт хоол ч зөвшөөрөлгүй бол арга хэмжээ авна. Мөн өнөөдөр зайрмагуудаас дээж авч шалгалт хийнэ.
Энэ жил Хүй долоон худагт 310 орчим цэг хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуй нэгж байгууллагын эрүүл ахуй, аюулгүй байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарал хандуулж, хяналт тавьж буй юм. Худалдаа үйлчилгээнээс гадна жил жилийн наадмаар “морь харах” асуудал наадамчин олонд тулгардаг. Өмнөх жилүүдэд нойл цөөн, иргэд дугаарлах асуудал үүсдэг байсан бол энэ жил уг асуудлыг шийдэж өгснөөрөө давуу байв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ