Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт болж байна. Өчигдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж, төрийн наадмын хурдан буян хүлгүүд тодорч, наадамчин олноо баясгалаа.
Шүдлэн насанд 298 хурдан үрээ бүртгүүлснээс 184 нь гараанаас гарч, гуравт хурдалсан Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан үрээ, унаач хүү Ц.Баярбат нар олноос онцгой байсан юм.
Хурдан шүдлэн барианд дөхөн ирэхэд бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш буюу үзэгчийн тал руу хадуурахдаа бүдрэн унасан. Гэвч унаач хүү, хурдан хүлэг босч, дахин хурдлан айргийн гуравт бариалсан юм. Унаач хүүд цагдаа болон нэгэн иргэн тусалж мордуулснаар Г.Баттулгын зээрд халзан үрээ айрагдаж наадамчин олноо баясгалаа.
Өчигдрийн уралдааны баатар болсон унаач хүү Ц.Баярбат хэлэхдээ “Бариа дөхөх үед уяа руу ханарахаар нь татсан чинь бүдэрчихлээ. Үрээ маань дандаа л үзүүр дээр ханараад байдаг юм. Энэ морио жил гаруй унаж байна” гэж хариулжээ. 13 настай унаач хүү түрүүлж чадаагүйдээ жаахан харамсаж байсан ч өнөөдөр дахин уралдаантай гэсэн юм.
Ц.Баярбат дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байгаа бөгөөд энэ жил зээрд халзан үрээтэйгээ олны сэтгэлийг хөдөлгөсөн уралдааныг хийлээ.
Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан үрээ өнгөрсөн жил Булган аймгийн 80 жилийн ойн уралдаанд зургаад хурдалсан хурдан буян аж. Энэ жил Төрийн их наадамдаа түрүүлж яваад айргийн гуравт хурдаллаа.
Холбоотой мэдээ