Хилийн 0164 дүгээр ангийн харуул хамгаалалтын заставын салаан захирагч, ахмад Г.Гэлэгдорж саяхан “Хүндэт донор” болжээ.
Хилийн 0164 дүгээр ангийн харуул хамгаалалтын заставын салаан захирагч, ахмад Г.Гэлэгдорж саяхан “Хүндэт донор” болжээ. Хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа түүнтэй ярилцлаа.
-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
-Миний бие 2011 онд ХЦДС-ийг төгсөн Хилийн 0257, 0129 дүгээр ангид ажиллаж байгаад өнгөрсөн жил тус ангид томилогдон ирсэн. Ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Аав минь цэргийн хүн байсан. Тиймээс удам залган хилчин болсон.
-Таныг “Хүндэт донор” гэж сонссон. Хэзээ болов?
-Нийт 35 удаа цусаа өгснөөр энэ болзолыг хангадаг.Ñîнсогч байхад сургууль дээр явуулын цус авах үйлчилгээ ирж хамрагдаж байлаа. Түүнээс хойш амралт болон чөлөөгөөр явахдаа байнга цусаа өгсөөр энэ болзолд нэг мэдэхэд хүрчээ. Жил бүрийн зургадугаар сарын 14-нд дэлхий нийтээр цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдан Төрийн ордонд МУЗН-ийн “Хүндэт донор” цол хүртэж одон, үнэмлэхийг гардан авсан.
-Одоогоор хэдэн удаа цусаа хандивлаад байна?
-Нийт 37 удаа өгсөн. Одоогоос нэг сарын өмнө цусаа өгсөн. Нийт 70 удаа цусаа өгвөл хүрэл донор, 100 удаа бол мөнгөн донор, 150 удаа бол алтан донорын болзол хангадаг.
-Цусаа ийнхүү өгөх нь ямар давуу талтай вэ?
-Анх бол юугаа ч мэдэхгүй сонирхлын журмаар цусаа өгч байлаа. Нэг удаад цусаа хандивлах нь гурван хүний амь насыг аврахад тус болдог гэж тухайн үед сонссон юм. Энэ үг надад их нөлөөлсөн.
-Цус өгснөөр биед гарах өөрчлөлт байдаг уу?
-Байхгүй. Элдэв зовиур байдаггүй. Харин ч бие хөнгөрөөд сайхан болдог.
-Та хэддүгээр бүлгийн цустай вэ?
-Нэгдүгээр бүлгийн цустай. Энэ бүлэг нь манай улсад түгээмэлд тооцогддог. Тиймээс ч эрэлт ихтэй байдаг гэсэн үг.
-Нийт 37 удаа цусаа хандивласан гэхээр хэд орчим литр гэсэн үг бол?
-Нэг удаагийн цус өгөлт нь 400-500 гр орчим байдаг. Тэгэхээр 14-15 литр орчим цус өгөөд байна.
-Монголд цусны донор олон байдаг гэж сонссон. Харин хилчдийн дунд хэр олон байдгийг мэдэхгүй байна. Ер нь хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүмүүсийн ихэнх нь сөрөг талдаа шүү. Яах гэж цусаа өгдөг юм бэ гэж асуудаг. Гэр бүлийнхэн хүртэл дургүйцнэ. Биеэ бодсонгүй гэж зэмлэнэ. Гэхдээ цусаа өгөх нэг зорилго надад байдаг.
-Нууц биш бол?
-Миний төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй. Тиймээс миний хийж байгаа үйл буян болж дүүд минь ирээсэй гэж хүсдэг. Цаашид ч өгнө. Хоёр сар тутамд нэг өгөх нь тохиромжтой юм билээ. Цусны донор хэнд цусаа өгч байгаагаа мэдэхгүй, өвчтөн хэний цусыг авч буйгаа мэдэхгүй. Тиймээс нэргүй баатрууд гэдэг. Заавал бусдад мэдэгдэж, танигдаж алдарших гэх шаардлагагүй гэж боддог. Миний бие 2012 онд элэгний донор болж ахдаа элэгнийнхээ 65 хувийг өгч байсан. Элэг минь эргээд төлжсөн. Хэн нэгэнд тусалж явах сайхан шүү дээ.
-Хүмүүст юу гэж уриалах вэ?
-Нийт хилчдийгээ цусаа өгч бусдад амьдрал бэлэглэе гэж уриалах байна.
Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ