Галын аюулаас 12 хүнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Галын аюулаас 12 хүнийг аварчээ

Өнгөрсөн хоногт  нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдийн анхаарал, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй галын дуудлагууд цөөнгүй иржээ. Тухайлбал;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хорооллын 35 ын А байрны 13 тоотод утаа гараад байна гэсэн дуудлага 21 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу  Хан-Уул дүүргийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийг очиход тус тоотод оршин суугч иргэн Б-ын өрөөнд буйдан ор шатаж, гал цааш нэмэгдэж байжээ. Нэмэлт дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн Авто механик шат, Шуурхай бүлэг 105–ын тасгийг гаргаж аврах, хайгуулын ажлыг зохион байгуулсан аж. Эрлийн явцад гал түймрийн улмаас угаартсан гурван иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, утаажилтын бүсэд байсан найман иргэнийг гаргаж,  нийт 11 иргэнийг авран Хордлогын үндэсний төвд хүргэж өгчээ. Энэ  үеэр Нийслэлийн Онцгой байдлын жижүүрийн бүрэлдэхүүн ажилласан байна.  
Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 15 дугаар хороолол “Монгол кино” үйлдвэр дотроос утаа гараад байна гэсэн дуудлага шөнийн 05 цагийн үед авчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийг очиход нэгдүгээр давхарт засвар хийж байсан ажилчдын өрөөний шалны хулдаас, цонх зэрэг шатаж байсныг иргэд өөрсдөө унтраасан байжээ. Энэ үеэр хамгаалагч 31 настай,  эрэгтэй О гэгч угаартсан байсан тул Шуурхай бүлэг 105  эмнэлгийн тусламж үзүүлэн Хордлогын үндэсний төвд хүргэж өгчээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж