Жил бүрийн энэ өдөр /2019.07.10/ Төв талбайд “Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөрлөг нь Үндэсний их баяр наадмын томоохон арга хэмжээний нэг хэсэг бөгөөд монголчуудын үндэстэн, ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилготой билээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Дээлтэй Монгол” өдөрлөгийн нээлтийн үеэр мэдээлэл өгөхдөө “Дээлтэй Монгол” наадам бол аялал жуучлалын салбарт томоохон ач холбогдол үзүүлдэг арга хэмжээ. Энэ наадмыг 13 дахь жилдээ тогтмол энэ өдрөө зохион байгуулж байдаг учраас манай аялал жуулчлалын компаниуд хөтөлбөртөө багтаан жуулчдыг өргөнөөр оролцуулдаг гэж хэлж болно. Ер нь хэдийгээр бид жуулчдын тоог авах боломжгүй ч жилд ойролцоогоор 2000-3000 жуулчин үзэж сонирхдог. Бид аль болох монгол туургатануудаа энэ наадамд оролцуулахыг хичээдэг. Тэр жишгээрээ энэ жил Өвөрмонгол, Тувагаас хүмүүс ирж, оролцож байгаа” гэж нонцолсон юм.
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ”-ЫГ ХАМГИЙН БАГА 20 САЯ ТӨГРӨГӨӨР ЗОХИОН БАЙГУУЛДАГ
Тэрбээр “Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд уламжлал болж, нэг цаг хугацаандаа зохион байгуулагдаж байж амжилттай болдог онцлогтой. Одоо “Дээлтэй Монгол” наадамд уламжлалт арга хэмжээ ч бий, шинэ арга хэмжээнүүд ч байгаа. Нэг үеэ бодоход монголын ард түмэн “Дээлтэй Монгол” өдөрлөгт өргөнөөр оролцдог болсон байна.
Энэ наадмын хэв маягийг өөрчлөх гэхээр бидний анх зорьсноос өөрчлөгдөнө. Тэгэхээр бид энэ наадмаа уламжлал болгон зохион байгуулаад л явна. Мэдээж уран бүтээлчдийн тоглолт бол өөрчлөгдөж байна. Ер нь Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс хамгийн бага төсвөөр буюу 20 сая төгрөгөөр “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулдаг. Миний мэдэхээр сүүлийн таван жил яг ийм л төсөвтэй байгаа. Цаашдаа олон улсын арга хэмжээ болгон зохион байгуулахад төсвөө нэмэх шаардлага үүснэ” гэсэн юм.
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДАМД НИЙТ 10 МЯНГАН ХҮН ОРОЛЦОНО
Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд нийт 10 мянган хүн дээлтэй оролцохоор бүртгүүлжээ. Уг наадмын шүүгч, нийслэлийн Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Э.Мөнхзул “Энэ наадмыг анх 2006 онд 50 гаруй оролцогчтойгоор эхэлж байсан бол энэ жил улам өргөжиж, 10 мянган хүн оролцож байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд нийт дээл урлаач, судлаачаас бүрдсэн таван шүүгч ажилладаг. Уламжлал болсон найман номинациар шалгаруулж, иж бүрэн хувцасласан, өмссөн хувцасныхаа үүх түүхийг хэрхэн мэдэж байгаа эсэхийг харж, шалгаруулна” гэв.
Энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулж буй “Дээлтэй Монгол” наадмаар үндэсний дээл хувцастай нийслэлийн есөн дүүргийн парад сонирхуулахаас гадна гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой ажээ.
Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулдаг уламжлалтай.
ОРЧИН ЦАГТ ЗАЛУУС ҮНДЭСНИЙ ДЭЭЛЭЭРЭЭ ИХ ГОЁДОГ БОЛЖЭЭ
“Би Хан-Уул дүүргийн зургадугаар хорооноос монгол дээлтэй оролцож байна. “Дээлтэй Монгол” өдөрлөгт олон жил оролцож байна. Энэ жилийн наадамдаа Хорь буриад үндэстэн ястныхаа өөрийнхөө урласан дээлээр гоёлоо. Орчин цагт монголын маань залуус үндэсний дээл хувцсаараа их гоёдог болжээ. Өнөөдрийн наадамд ч олон залуу, хүүхэд багачууд оролцож байгаад баяртай байна” хэмээн 78 настай Л.Жанцан гуай ярьсан юм.
“Дээлтэй Монгол” наадамд оролцохоор үндэсний дээл хувцсаараа гоёсон цөөнгүй багачууд харагдана. Тэдний нэг 10 настай Э.Учрал хүү захчин ястны дээлээрээ гоёжээ. Тэрбээр “Би энэ наадамд анх удаа оролцож байна. Надад маш гоё санагдаж байна. Энэ наадамд гэр бүлээрээ оролцож байгаа” гэв.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ