Б.Баасанжаргал: Би өөрийнхөө өрсөлдөгч

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Б.Баасанжаргал: Би өөрийнхөө өрсөлдөгч

Б.Баасанжаргал: Би өөрийнхөө өрсөлдөгч

Яг одоо төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын зурхайд Үндэсний сурын харвааны эхний өргийн хоёр дахь босоо явагдаж байна. Урианхай, Буриад, өсвөрийн гэсэн төрлүүдээр эхэлсэн энэ удаагийн харваанд нийт 1088 харваачид цэц мэргэнээ сорьж байгаа юм. Үүнээс урианхай 170, Буриад 200, өсвөрийн 178, үндэсний харваанд 540  харваач тус тус оролцож байна.

Энэ жилийн харвааны онцлог гэвэл үндэсний сурын харваанд хязгаар тогтоож, шалгаруулалт явуулан 540 хүнийг оролцуулсан явдал. Үүний 104 улсын цол хараахан авч амжаагүй, цол эрэмбээ ахиулахаар оролцож буй залуу харваачид. Мөн өсвөрийн хүүхдийн харваачдыг насны ангиллаар дөрөв хуваан хооронд нь өрсөлдүүлж байгаа. Ингэснээр тэд урам зориг авч, улам илүү хөгжих боломж гарч байгаа талаар Үндэсний Их баяр наадмын сурын салбар хорооны орлогч дарга Х.Батжаргал мэдээллээ.

Мөн тэрбээр “Сурын харвааны нэг онцлог нь олон нийтэд харьцангуй нээлттэй, аливаа нэгэн тасалбар хураамж авч, үзэгчдийг хязгаарладаггүй учраас жуулчид бас их үздэг. Тэд манай улсын үндэсний өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөөтэй” гэдгийг нэмж хэлсэн юм.

Харвааны үеэр Монгол улсад сур харвааг үүсгэн байгуулсан, ууган харваачдын нэг Ү.Нина гуайтай цөөн хором хөөрөлдлөө.

-Сайхан наадаж байна уу та, ахмад харваачны хувьд өнөөдрийн сур харвааны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Би анх 1957 онд сур эвшээлгэж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ. Тэр үед сур дээгүүр салхинд бүсгүйчүүд гардаггүй, онохоо байчихна гэж үздэг байлаа. 1959 оны анхдугаар Их наадмаар хэдхэн хүн оролцож, тэр дундаас би түрүүлж алтан медаль авч байв. Ингэж л сурын харваанд эмэгтэй хүн оролцож эхэлсэн түүхтэй. Одоо тэр үетэй харьцуулахад сур харваанд эмэгтэйчүүд их олон оролцдог болжээ. Үүний эхлэл, үндэс суурийг нь тавьсандаа бахархаж явдаг юм.

-Таны бодлоор Үндэсний сурын харваа хэр хөгжиж байна вэ?

-Үнэхээр сайхан байна. Дахиад хэлье. Эмэгтэйчүүд өнөөдөр бүрэн эрх чөлөөгөө олсон байна. Эртнээс эх орноо нум сумаараа хамгаалж ирсэн эрчүүдтэй энэ зэрэгцээд харваж байна гэдэг гайхалтай. Дээр нь зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй харагдаж байна.

Ахмад харваач Нина гуай одоо наян настай. Олон эмэгтэйчүүдийн тэргүүнд зогсож, сур харвааны өнөөгийн хөгжлийн эхлэлийг тавьсан. Түүний ачаар өнөөдөр сур харвааны зурхайд олон эмэгтэй харваачид харагдана. Тэдний нэг бол залуу харваач Б.Баасанжаргалыг яриаг хүргэе!

-Цэц мэргэн, уухай цээл байг ээ. Сур харваанд хаанаас, хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?

-Баярлалаа. Би Онцгой байдлын Ерөнхий газрын “Эрч” клубээс оролцож байна. Миний сур харваанд оролцож буй хоёр дахь наадам.

-Урьд жилүүдээс юугаараа онцлогтой болж байна вэ?

-Урьд жилүүдтэй харьцуулахад зохион байгуулалт сайтай болж байна. Энэ жилээс эхлээд улсын наадамд харвах харваачдын чансаа тогтоогоод, улсын аваргын тэмцээнд оносон оноогоор нь шигшээд оруулсан болохоор илүү чансаа сайтай болж байна.

-Өнөөдрийн цэц ямар байв?

-Дажгүй ээ, дөрвөн сумаа тавьчихсан. Олон онохдоо бус өнөөдөр баяр наадамдаа сумаа тавьж байгаа нь миний хувьд амжилт гэж бодож байна.

-Өрсөлдөгчид хэр байна? Өөрөө бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Би өөрөө өөртөө өрсөлдөгч. Өөр хэн ч биш. Өнөөдрийн дөрвөн сумаа яаж гаргаж байна, багш, ахмад настны заасныг хэр биелүүлж, өөрийгөө хянаж байна гэдэг чинь өөртөө өрсөлдөгч болж  байна гэсэн үг. Тэрнээс биш мянга бусадтайгаа өрсөлдөөд нэмэргүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж