Евгений Примаков таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.28-нд нийтлэгдсэн

Евгений Примаков таалал төгсчээ

 

ОХУ-ын ерөнхий сайд асан Евгений Примаков 85 насандаа Москва хотноо өвчний улмаас таалал төгссөнийг “Interfax” агентлаг мэдээлжээ. Евгений Примаков таалал төгссөнд ерөнхийлөгч Владимир Путин гүнээ эмгэнэж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

 

ОХУ-ын тагнуулын албаны дарга, гадаад хэрэг болон ерөнхий сайдаар ажиллаж байсан Евгений Примаков нь 1929 онд Украины нийслэл Киев хотноо төрсөн аж. Тэрээр Москвагийн Дорно дахины сургуульд араб хэл сурч, үндэсний радио, телевизэд ажиллаж байжээ. Евгений Примаков 1998 оны есдүгээр сараас 1999 оны тавдугаар сарын хооронд ердөө наймхан сар ОХУ-ын засгийн газрыг тэргүүлж байжээ. Тэрээр Арабын нэгдүгээр дайны үеэр Саддам Хуссейнтэй хэлэлцээ хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

 

ЗХУ 1991 онд задарсны дараа ОХУ-ын гадаад тагнуулын албаны “СВР” дарга, хожим нь 1996 онд гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ. Түүнийг ОХУ-ын экс ерөнхийлөгч Борис Ельцин 1998 онд ерөнхий сайдаар томилж байв. Ерөнхий сайдаар ажилсан богино хугацаандаа тэрээр 1999 оны гуравдугаар сард НАТО Югославт агаарын цохилт хийхийг зогсоохоор хичээж байжээ. Гэвч Вашингтон Югославт агаарын цохилт хийхээр болсныг мэдсэнээр Евгений Примаков АНУ-д айлчлахаар Атлантын дээгүүр нисч явсан онгоцоо эргүүлэн нутаг буцсанаар шуугиан тарьж байсан аж.

 

Евгений Примаков өмнө нь 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж байжээ. Тэрээр 2003 онд Путины хүсэлтээр Иракт айлчилж Саддам Хуссейнтэй  дайн гарахаас сэргийлэх уулзалт хийсэн байна. Гэвч үүнээс гурван өдрийн дараа АНУ-ын тэргүүлэн цэргийн эвсэл Иракт дайралтаа эхлүүлжээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж