“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 40 гаруй орны 120-130 баг автомашин, мотоциклийн төрөлд оролцож байгаа бөгөөд Монголын нутагт болох уралдаан өчигдрөөс эхэлсэн юм.
Японы баг Монголд ирсэн хойноо машин түрээслэн явж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт “Toyota Prius” маркийн машинтай мөргөлдсөний улмаас осолдож, манай улсын хоёр иргэн хүнд бэртэл авч, нэг эмэгтэй зорчигч газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Энэ талаар зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Түүнд:
- “Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид өнөөдөр /2019 оны 07 дугаар сарын 09/ Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна. Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар өнөөдөр Төв аймгийн нутагт бариандаа орлоо. Харамсалтай нь, Японы HINO багийн тамирчны арын албыг хариуцаж байсан машин осолдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Тус осол гаргасан машин нь Японы тамирчны арын албаны машин биш бөгөөд дараах тайлбарыг албан ёсоор хүргүүлж байна. Японы HINO багийн арын албыг хариуцаж байсан албан ёсны зөвшөөрөлтэй машин 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улан-Үдэ хотод эвдэрсэн тул Японы багийн арын албаныхан Дархан-Улан-Үдэ чиглэлд хүн тээвэрлэдэг машин түрээслэн, зөвшөөрөлгүйгээр наалт нааж хариуцлагагүй үйлдэл гарган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт "Toyota Prius" маркийн машинтай мөргөлдсөний улмаас нэг монгол эмэгтэй амиа алдсан осол гарлаа” гэжээ.
“Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэж байна.
Олон улсын ралли авто уралдаан болж байгаатай холбогдуулан эдгээр өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймагт цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна. Уралдаан болох бүс нутагт Монголын талаас өндөр хариуцлага гарган ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зохион байгуулагчид анхааруулсаар буй юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.
“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож байна.
“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:
- 7.06 – ОХУ – Иркутск /нээлт/
- 7.08 – Улан-Үдэ
- 7.09-10 – Улаанбаатар
- 7.11 – Мандалговь
- 7.12 – Даланзадгад
- 7.13 – Баянбулаг боомтоор гарах
- 7.14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
- 7.16 – Жиаюгуан /Jianguguan/
Албан ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com-с аваарай.
“Торгоны зам 2019” /Silk Way Rally/-н Монголд болж буй уралдааны фото агшнаас хүргэж байна.
Холбоотой мэдээ