"Төр намайг тэтгэврийн хөгшин гээд голчихлоо"

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

"Төр намайг тэтгэврийн хөгшин гээд голчихлоо"

Уг нь би түүнтэй нум, сум, харвааны талаар ярилцахаар тохирсон юм. Товлосон ёсоор гэрийнх нь хонхыг дарахад үсэнд нь буурал суусан, намхан хэрнээ шөрмөслөг нэгэн угтлаа. Энэ хүн Буриад улсын Гавьяат тамирчин, хүндэт мэргэн, нум сум урлаач Т.Батмөнх. Түүний харц нэг л гунигтай. Хэн нэгэнд гомдсон уу, итгэл найдвар тасарсан уу, эсвэл урам зориг мохсон уу. Ямартаа ч эхлээд түүнээс энэ бүхнийг асуумаар санагдлаа.

-Таныг хорооноос уг нь Гавьяат багшид тодорхойлсон гэж сонслоо. Хариуг нь та их хүлээв үү?

-Хүлээлгүй яах вэ, ямар ч байсан материал маань Ерөнхийлөгчийн Тамгын газар очсон гэдгийг мэдсэн. Тэгээд над руу залгах байх, дуудлага мэдэлгүй өнгөрөөчих вий гээд л битүүхэн горьдож хүлээлээ. Хөгшин маань энэ жилийн ээлтэй шар өнгөөр Гавьяатын шинэ дээл урлалаа. Яах вэ, дотроо би өөрийгөө Монгол Улсын сурын спортод гавьяатай хүн гээд “тоочихсон”. Албан ёсны шаардлагыг ч бас хангачихсан байдаг. Тийм болохоор үнэндээ ах нь их харсаан. Өдий насанд өтлөөд дэмийрч байна гэж битгий бодоорой. Гавьяа шагналд дуртайдаа бус, ердөө хийсэн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэхийг л хүссэн юм. Гэвч төр намайг “Тэтгэврийн хөгшин” гээд голчихлоо.

-Голсон гэж хэлж болохгүй байх аа. Та тэтгэвэрт суусан ч сур харваагаа орхиогүй биз дээ?

-Уг нь тийм. Өнөөдөр би дал гарч яваа боловч биед амар суухыг бодсонгүй. Сурын спортын гол хэрэгсэл болох эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум сумыг бид гараар болон үйлдвэрийн аргаар хийгээд, хорин хэдэн жил болж байна. Жилдээ нийт 400-гаад нум, 2000 гаруй сум урлаж, клубын гишүүд, сонирхогчдын далан хувийг хангадаг. Түүнчлэн улсдаа сур харвааг хөгжүүлэхийн тулд 18 аймагт хүрч ажиллахыг зорьж байна. Жишээ нь, Завхан аймагт сум болгоны тоогоор нум, сум өгч, сургалт явуулж байлаа. Говь-Алтай аймгийн “Засагт хан” клубыг ахалж, дасгалжуулагч-багшаар ажиллаж байна. Мөн нийслэлд “Дөрвөн уулын мэргэчүүд” дугуйлан хичээллүүлж байна. Гадаад улсын хэмжээнд гэхэд бидний урладаг нум, сум дэлхийн 50 гаруй улсад хүрсэн байна. Энэ хэрээр олон улсад Монгол орныг сураар дамжуулан сурталчлах, эргээд жуулчид татахад нөлөөтэй юм л даа. Олон улсын үзэсгэлэнд оролцож, Монгол Улсынхаа нэрийг гаргаж байна. Товчхондоо ийм байна. Ер нь Монгол тулгатны үндэсний сур харваа хөгжихөд миний оруулсан хувь нэмэр багагүй гэж боддог. Үүнээс гадна залгамж халаа, шавь нараа бэлдэж байна.

-Таны шавь нараас амжилт гаргасан ямар хүмүүс байна вэ?

-Миний бахархал бол шавь нар. Сурын спортоор амжилт гаргасан шавь нараас гадна нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн доктор ч байна. Ойролцоогоор 3000 гаруй хүнд нум бариулж сургасан байдаг. Үүн дотор Монгол Улсын сурын анхны мэргэн Ч.Мөнхцэцэг, улсын мэргэн Дашзэвэг байна. Бас Улсын Их хурлын гишүүн асан Бөхшарга, эрдэмтэн н.Ганболд зэрэг амжилттай яваа шавь нар олон байна.

-Гавьяатад яагаад "бүдэрсэн" юм бол, танд таамаг байна уу?

-Ерөөсөө л “Ерөнхийлөгч миний Гавьяатын тодорхойлолтыг уншаагүй байх” гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагнал хариуцсан улсууд хүн нэг бүрийн тодорхойлолтыг нягталж хардаг болов уу, эргэлзэж л сууна. Анх 2006 онд Буриад улсын Гавьяат болсны дараа намайг Монголын одон медальгүй юм байна гээд хорооноос эхлээд бүхий л дамжлагаар яваад “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г Ерөнхийлөгч асан Элбэгдоржоос авч байлаа. Эргэн тойрны хүмүүс, шавь нар маань “Багшаа та хэзээ Гавьяатаа авах гэж байна, одоо цаг нь болсон” гэж их хэлнэ. Дал гарсан өвгөн миний хийж буй өчүүхэн хүч хөдөлмөрийг төр үнэлбэл ах нь мэдээж баярлалгүй л яахав. Гэтэл дам яриагаар сонсох нь ээ Ерөнхийлөгч маань “Энэ тэтгэврийн өвгөн одоо юу хийж байна?” гэж асуудаг гэсэн. Миний хийсэн бүхэн тэр тодорхойлолт дээр байгаа, хэрэв уншдаг бол. Уншаагүй бол Ерөнхийлөгчөө ахиад нэг эргэж хараарай. Ний нуугүй хэлэхэд, энэ жилийн наадмын өглөөг ах нь сэтгэл дундуур л эхэлж байна. Гавьяатын шинэ дээл маань эвхээтэй үлдэх нь, эзнээ өмсөхийг хүлээгээд. Энэ наадмаар Гавьяат болоогүй ч гэсэн их эзэн Чингис хааны төрсөн өдрөөр болох байх гэсэн горьдлого тээгээд үлдлээ. Тэр үед бас л “гологдвол” би харин төрдөө голдоо ортол гомдох байх аа даа. Ер нь Монгол Улс, төр засаг энэ Гавьяа шагналаа тухайн хүндээ яг ид хийж, хөдөлмөрлөж байгаа цаг хугацаанд нь өгвөл их урам болно доо. Харж байхад, заримыг нь дэндүү оройтуулж “Бие нь өвдөөд ирэхээр, үхэхээс нь өмнө амжиж гэдэг шиг л” өгөх юм.

-За одоо хоёулаа энэ сэдвийг түр орхиод Маргааш /2019.07.10/эхлэх сур харвааны талаар ярилцъя. Та хэдэн наадмын өглөөг сур харвах гэж догдлон хүлээсэн бэ?

-Би 1946 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн хүн. 1966 онд Архангай аймгийн багшийн дээд сургуулийг дүүргээд, нутагтаа газарзүйн багшаар ажлын гараагаа эхэлж байлаа. Харин сур харвааг бол 1965 оноос эвшээлгэж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас өдий хүртэл нум сумаа харваж, урлаж, шавь нартаа зааж зөвлөж, бас наадамдаа оролцсоор л явна. Харвах арга барилаас гадна, нум сумаа яаж эдэлж хэрэглэх вэ, өөрийгөө хэрхэн бэлдэх вэ? зэрэг дээр анхаарч, сургадаг.

-Сур эвшээлгэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Сур харвана гэдэг бол өргөөшөө бяр, уртаашаа ухаан байдаг. Сэтгэл санааны тогтвортой байдал, анхаарал төвлөрөл, цаг агаартай харьцана гээд бүх зүйл маш нарийн тооцоололтой байх ёстой. Үүнээс гадна дасгал сургуулилт маш чухал. Ялангуяа таван сараас эхлээд есөн сар хүртэл эрхий хурууг амрааж болохгүй.  Энэ нь өдөр болгон тодорхой хэмжээний сум тавьж харваж бай гэсэн үг. Нэг мэхийг мянган удаа давтаж хийвэл дархан мэх болно. Түүнтэй адил мянган сум гарга, зүгээр нэг гаргах биш тооцоо хий. Бороо шивэрч байхад, үдийн хурц наранд, салхитай үед, өглөө оройд гээд цаг агаартай сайн харьцаж бай гэж хэлдэг дээ. Бүр өмсөх дээлээ хүртэл анхаарах ёстой шүү дээ. Бөхчүүдийн дээл шиг уужуу биш, биед эвтэйхэн, нум эвшээлгэхэд саад болохооргүй дээл өмсөх хэрэгтэй. Бас нэг чухал зүйл бол нум сум нь тухайн хүнд маш сайн тохирсон байх ёстой. Өөрийнхөө хүч чадал, жинд тохирсон нумаар харвана гэсэн үг.

-Сур харваанд нум, сум маш чухал гэж та хэллээ. Өөрөө харвадаг байсан хүн яагаад урлах болов оо, танай удамд уран, дархан хүн байсан уу?

– Миний аав ээж энгийн сайхан малчин хүмүүс байлаа. Насаараа мал дагасан тийм л эгэл боргил хөдөөний улс. Харин нагац ах маань Төрийн соёрхолт н.Сандаг гэж хүн байсан. Социализмын үед төрийн өндөр дээд шагнал авна гэдэг амар биш. Шар сүүнээс хуванцар гаргаж авсан, нутагтаа уран Сандаг гэж нэртэй байв. Тэр хүний урласан зааны ясан шатар манай Говь-Алтай аймгийн музей байгаа. Би бас хажууд нь нумаа аваачаад тавьчихсан. (инээв) Миний хувьд би 1975 оноос Л.Ядамсүрэн багшийгаа дагаад ганц, нэг нум хийж байгаад 90-ээд оны дундуур нум сум урлах ажилдаа ханцуй шамлан орсон хүн. Сур харвах хэрэгсэл нь элбэг байх тусам, сур харвааг сонирхох хүмүүс олон болно. Энэ утгаараа миний хийж буй ажил, хөдөлмөр Монголын түүх, уламжлал, соёлд багагүй байр суурь эзэлж байгаа болов уу гэж бодож сууна.

-Нум, сум урлахад тэвчээр, ухаан ордог байх. Урлаж байхдаа та дотроо юу бясалгаж боддог вэ?

-Нум бол үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Тийм болохоор шөрмөсөн артай нумыг машинаар шууд шахаад гаргачихна гэж байхгүй. Миний хэлээд байгаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай мэргэжлийн энэ нумыг зөвхөн төв Азийн Монголчууд Хүннү гүрний үеэс зохион бүтээсэн байдаг. Монголоос бусад улс гүрэн модон нум л хэрэглэдэг байсан. Одоо хүртэл бид уламжилж ирсэн яг тэр технологиор хийгээд, эзэмшээд явж байгаа. Малын шөрмөсийг хүний үс шиг задалж байгаад буцалсан шингэн цавуунд дүрж, үүний дараа хэд хэд давхарлаж зулж тавьдаг. Ингэж хийдэг улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Үүнээс гадна нум, сум хийхэд хүнээс ухаан, гарын ур, тэвчээр хатуужил шаардана. Миний хувьд би хүнд эдэлгээ даах чадвартай нум хийхийг зорьдог. Жишээлбэл, манай шавь миний 7, 8 жилийн өмнө хийсэн нумаар наадамд харваад, мөнгөн медаль авч л байна.

-Нэг нум, сум хийхэд хэр их хугацаа орох вэ?

-Нум, сум хийх гэдэг сандал ширээ хийхтэй адил зүйл биш. Нум хийхэд хатаахаас эхлээд хугацаа их орно. Сонгосон хус модоо халуун усанд буцалгаж давирхайг нь авч жил хатаана. Хатаасан модноосоо ширхгийг нь харж, шилж авна. Тэгээд эвэр, мод шөрмөсөн ямар байх вэ гээд тус тусдаа зузааныг нь тооцоолж гаргана. Нумыг нэг жил хатаасны дараа хөвчилнө гэж асуудал байна. Бараг зуугаад удаа хөвчилж байж хүний гар дээр очно. Тухайн авсан хүн нь бас дахиад жилийн дотор хаяа хаяадаа эвшээлгэж дасгана. Ингээд л бүтэн хоёр жилийн дараа бүрэн ашиглаж, улсын наадамд харвах боломжтой болж байгаа юм. Дээр нь эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн гээд нум, сумнууд хоорондоо жин, хүч чадлаараа ялгаатай. Тэр бүхнийг тохируулж, тооцоолж хийх нь чухал. Ер нь нум, сум хийх тийм амар ажил биш ээ. Шөрмөс задлах гэж айхтар ажиллагаатай эд байна. Өглөөний наймаас оройн найман цаг хүртэл тасралтгүй суухад л дөнгөж 80 грамм шөрмөс задална.

-Шөрмөс задална гэхээр яах вэ?

-Малын шөрмөсийг хүний үс шиг нарийхан ширхэгтэй болгож, нумандаа тавихад бэлэн болгоно гэсэн үг.

-Таны энэ ажилд туслах хүн байдаг уу, үр хүүхдүүдээс нь өвлөж авсан хүн байна уу?

-Манайх дөрвөн хүүхэд, арваад ач зээтэй айл. Хүүхдүүд маань бүгд миний ажилд чадах ядахаараа л туслах юм. Ач, зээ нар маань сур харваагаар хичээллэдэг. Зав зайгаараа тэдэндээ зааж сургалгүй л яах вэ. Миний ханийг Ч.Батням гэдэг. Баянгол дүүргийн мэргэжлийн болон ур чадварын аваргыг 13 жил хамгаалсан, дүүргийн нэрийн хуудас болсон багш хүн. Одоо МУБИС-ийн Клиник профессор, үндэсний сургагч, зөвлөх багшаар ажиллаж байна. Уг нь Гавьяатын тодорхойлолтод миний ханийн материал бас явсан. Хариу бас л алга. За би яах вэ, эр хүн болно доо. Харин насаараа түмэн олны үр хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн муу ханийг минь төр үнэлвэл ах нь өөрөө авсан мэт л баярлах байна.

-Сайхан мэдээ сонсох өдөр ирэх байх аа. Тэр өдөр хоёулаа дахиад ярилцъя. Харин та одоо наадамчин олондоо хандаж юу хэлэх вэ?

-Монгол наадам гэдэг дэлхийд өв соёл, түүх уламжлалаа гайхуулж, бахархах боломж. Энэ өдөр Монголын ард түмэн хуучин цагт шинэ дээл, шинэ морио унаад даншиг наадмаа зорьдог байсан шиг сэтгэл ариун, зөв бодолтой, инээд баяслаар дүүрэн наадаарай гэж хэлэх байна. Бидний наадам ч эхэллээ дээ.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж