Уухайн дуу, хүүхдийн гийнгоо цангинасан Монгол наадам айсуй. Жил жилийн наадмаар монголчууд бид хэний хүлэг хурдан, хэний хүү хүчтэй байсныг шагшин магтсаар намрын эхэн сартай золгодог.
Өнгөтэй бүхнээ дэлгэж, өөдсийн чинээ үрсээс эхлээд өтөл буурай нар ч ганган хувцсаа өмсөж, газрын холоос ч наадмын дэвжээг зорьдог тусгаар улсаа тунхаглан зарласан үндэсний их баяраар наадамчин олонд зориулсан ямар арга хэмжээ болохыг толилуулъя.
ӨНӨӨДӨР ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам" арга хэмжээг өнөөдөр /2019.07.10/ зохион байгуулна. Сүхбаатараын талбайд болох уг наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн өргөөгөөр зочлох боломжтой.
СОЁЛЫН НААДАМ
Монголын үндэсний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, өв соёлоо хүүхэд залууст таниулан мэдүүлэх зорилготой нүүдэлчний соёл урлагийн наадам Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын өдрүүдээр болно. Хоёр өдөр үргэлжлэх /2019.07.11-12/ эл арга хэмжээнд яваад очиход монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхонтой танилцах болно. Энэ үеэр СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт, “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийг толилуулах аж.
Дүрслэх урлагийн музей үзэх, нум, сум харвах, монгол үндэсний соёлын өвөрмөц тал, ёс заншлаас тусган урласан аварга баримлуудын хажууд зургаа авахуулж, хүүхдүүд нүүрэн дээрээ уран зураг зуруулах, хөгжөөнт тоглоомд оролцох гэхчилэн наадмын хөтөлбөрийн хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцон, баярлаж наадангаа, монголчуудынхаа соёлын үнэт өвтэй танилцан, суралцах орчин бүрдүүлсэн тус соёлын наадмыг СУИС, МУЗ хамтран зохион байгуулдаг.
УЛААНБААТАРЫН ҮДЭШ ЦЭНГҮҮН
Үндэсний их баяр наадмын өдрүүд долдугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр "Яг түүн шиг", "Voice", "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчид дуулахаас гадна Монголын урлаг, соёлын төлөөллүүд оролцох юм байна. Цэнгүүн дууссаны дараа Сүхбаатарын талбайн гурван талын зогсоолоос 18 чиглэлд 18 автобус иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх аж.
“NAADAM NIGHT” ЖУУЛЧДАД ЗОРИУЛАН НААДМЫН НЭЭЛТИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР ХҮРГЭНЭ
Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. Долдугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь маргааш болно.
Монгол түмний наадмын нээлтийг хнгли хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулна. Тус үйл ажиллагааг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна.
ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОНД НЭГ ЭМЧ, НЭГ СУВИЛАГЧ АЖИЛЛАНА
Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд НЭМГ-ын 99 тоот тушаалаар 11-нээс 15-нд дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тусламж үйлчилгээ, дотор, шүд, хүүхдийн кабинетүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Шүд, эрүү нүүрний төв 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Өрхийн эмнэлэг болгонд нэг эмч, нэг сувилагч байх юм байна. Мөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн байгуулагууд 24 цагийн үйл ажиллагаа явуулна.
Баяр наадмын үеэр морины уралдах найман цэг, Төв цэнгэлдэх хүрээлэн дээр таван цэг, сурын талбай дээр нэг цэгт эмнэлгийн тусламж үзүүлж ажиллах бөгөөд Хүй долоон худагт 24 цагийн эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажиллана. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 24 цаг иргэдийн мэдээллийг утсаар авах юм байна.
Б.ЦЭЦЭГ