"Италичууд Монголын уламжлалт анагаах ухааныг маш сайн мэддэг"

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

"Италичууд Монголын уламжлалт анагаах ухааныг маш сайн мэддэг"

Италийн ахмад экспертүүдийн холбоо 2000 оноос эхлэн Монгол Улсын Манбадацан эмнэлэгтэй хамтран ажилласны үр дүнд өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухааныг Итали улсад мэдэхгүй хүнгүй болжээ. Энэхүү хамтын ажиллагаа өргөжин, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ Италийн ахмад экспертүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Италийн ахмад экспертүүд МҮХАҮТ-д бүртгэлтэй аж ахуйн нэгжийн захиалгаар Монгол Улсад хүрэлцэн ирж, зөвлөгөө өгч, мэдлэг, туршлагаа хуваалцах аж.

Үүнээс гадна Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар сайжирч, Европын холбооны зах зээлд экспортлох бүтээгдэхүүний тоо нэмэгдэх ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь Итали улсын зах зээлд сүлжмэл бүтээгдэхүүн, самнасан ноолуур, хагас боловсруулсан арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай цөөн тооны нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлож байна.

Итали улсаас Монгол Улсад суугаа Эрхэмсэг ноён Элчин сайд Андрэа Дэ Фэлип

-МҮХАҮТ болон Италийн ахмад экспертүүдийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хоёр байгууллагын хамтын ажиллагаа Итали-Монголын харилцаанд үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь ард түмний харилцан ойлголцол дээр үүсдэг. Италийн Элчин сайдын яам энэ хоёр байгууллагын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно.

Италийн ахмад экспертүүдийн холбооны /ISES/ ерөнхийлөгч Карло Бальяни: –Бид Монгол Улстай хамтын ажиллагаагаа 2000 оноос эхлүүлсэн. Тухайн үед миний бие Европ болон Азийн зарим улс оронд төслийн зохицуулагчаар ажилладаг байсан. Энэ үед Монгол Улсын Эрүүл мэндийн яамны урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байлаа. Улмаар Монголын уламжлалт анагаах ухааны төв болох Манбадацан эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Энэ хамтын ажиллагааны зорилго нь Итали улсад Монголын уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх явдал юм. Яагаад бид Монголын уламжлалт анагаах ухааныг сонгосон бэ гэж та гайхаж магадгүй. Орчин үеийн анагаах ухаан бол өвчнийг эмчлэхэд зорилгоо чиглүүлж байна. Харин уламжлалт анагаах ухаан бол өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ихэд анхаарч ажилладаг.

Италичуудын хувьд Монголын уламжлалт анагаах ухаан эртнээс танил болсон. Өнөөдөр бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллагын захиалгаар монголчуудад хэрэгцээт мэдлэг, зөвлөгөө өгч ажиллах болно. Манай байгууллага сайн дураараа эвлэлдэн нэгдсэн салбар салбарын 600 гаруй мэргэжилтэнтэй.

Манбадацан уламжлалт анагаах ухааны төвийн ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдорж: –Манай эмнэлэг Италийн энэхүү байгууллагатай хамтран ажиллах хугацаандаа ЭМЯ-ны шугамаар Италид эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулж, туршлага солилцсон. Миний бие  Италийн их олон хотод очиж, Монголын уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх чиглэлд италийн эмч, мэргэжилтэн, оюутнуудад лекц уншсан. Үүнээс гадна бид итали хүмүүст монгол эм өгч, үр дүн нь ямар байна вэ гэдэг тал дээр судалгаа хийсэн. Маш сайн үр дүн гарсан. Иймээс бид Монголын уламжлалт анагаах ухааныг албан ёсоор Итали руу экспортлох асуудлыг ярьж, хамтран ажиллаж байна.

Италичууд Монголын уламжлалт анагаах ухааныг маш сайн мэддэг болсон. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 20 итали хүн эмчлүүлж байна. Манбадацан эмнэлэг нь олон улсын эмнэлэг болсон. Итали, Франц, Англи Герман зэрэг газар бүрээс бидэнд хандаж байна. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулахын тулд маш сайн боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Ингэсэн цагт бид дэлхийд нэр хүндээ гаргаж чадна. Тэрнээс бол дутуу мэдлэгтэй, уламжлалтын нэр барьсан хүмүүс дэлхийд гарвал Монгол Улсын нэр хүндийг унагаана. Иймээс боловсон хүчний асуудалд хатуу бодлого хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж