“Playtime 2015” өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.27-нд нийтлэгдсэн

“Playtime 2015” өнөөдөр эхэлнэ

“PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам 14 дэх жилдээ болж байна. Энэхүү наадам энэ сарын 27, 28-нд буюу өнөөдөр “Монгол шилтгээн”-д эхэлнэ. Энэ жилийн хувьд энэхүү наадмыг ”Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд зохион байгуулж буй юм.

Өдөрлөгт "Playtime", “Шинэ Давалгаа”, "Нааглихац" тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан  оролцох юм. Зохион байгуулагчид тусгай автобус гарган “Монгол шилтгээн” рүү явуулж байгаа юм. Автобусны цагийн хуваарийг доорх хүснэгтээс харна уу.

PLAYTIME 2015 наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Энэ удаа тус наадам нь “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах юм.

PLAYTIME 2015 наадам хоёр дахь жилдээ VIP zone-ийг оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone 1 өдрийн 100,000₮, 2 өдрийн 160,000₮ худалдаалагдах бөгөөд тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах үйлчилгээ багтсан.

Үүнээс гадна “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой.

Мөн энэ удаагийн наадмын үеэр Монголын шилдэг арт хаус богино хэмжээний бүтээлүүдийг танилцуулах бөгөөд кино хөтөлбөрийг “Алтан Хальс” Холбоотой хамтран хүргэх болно.

Наадмын тасалбарыг “Хай-Фай Рекордс”-ийн салбаруудаар худалдаална. Тасалбарыг 2015 оны 5-р сарын 31-ийг хүртэл нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 40,000₮-ний хямдралтай үнээр худалдаалсан бөгөөд зургадугаар сарын 1-нээс хойш нэг өдрийн 40,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж буй юм. Бүх тасалбарыг 1900-1199, 1900-1950 утсаар үнэгүй хүргэх аж.

Л.ХАЛИУ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж