АНУ дефолттой нүүр тулж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

АНУ дефолттой нүүр тулж болзошгүй

АНУ дефолттой нүүр тулж болзошгүй

АНУ сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа дефолттой нүүр тулж болзошгүй хэмээн тус улсын хоёр намын бодлогын төвийн шинжээчид дүгнэжээ. Тус дүгнэлтэд дурдсанаар, 2019 оны есдүгээр сарын эхний хагаст АНУ-ын Засгийн газар өрөө бүрэн болон хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрч болзошгүй гэв.

Дефолт гэдэг бол санхүүгийн боломжгүй байдлаас үүдэж зээлсэн мөнгөө цаг хугацаанд нь төлөхөөс татгалзахыг хэлдэг билээ. Судалгааны багийн тэмдэглэж буйгаар, АНУ дээрх нөхцөл байдалд орсон үндсэн шалтгаан нь улсын төсөвт орж ирж буй татварын орлоготой шууд холбоотой аж. Шинжээчдийн дүгнэлтээр, 2019 оны санхүүгийн жилд төрийн сангийн орлогын өсөлт удаашралтай байгаа бөгөөд гурван хувиас ч байгаа үзүүлэлттэй байгаа гэв. Тус улсын санхүүгийн жил есдүгээр сарын 30-нд дуусна.

Албан ёсны мэдээгээр, 2019 оны санхүүгийн жилийн эхний есөн сарын дотор АНУ-ын төсвийн алдагдал 746 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн хугацаанд, холбооны улсын зарлага 208 тэрбум ам.доллароор өссөн бол орлого 69 тэрбум ам.доллароор өсөв. Энэ тухай АНУ-ын конгрессын төсвийн удирдлагын тайланд дурджээ.

Төсвийн алдагдлын үед дефолтод хүргэх гол аюул нь Засгийн газрын томоохон өр байдаг гэж шинжээчид дүгнэж байна. Usdebtclock.org сайтын мэдээллээр, АНУ-ын өр 22.47 их наяд ам.доллар болж, ДНБ-ий 105.8 хувьтай нь тэнцэж байгаа ажээ. Үүний зэрэгцээ, ОУВС 2023 онд тус үзүүлэлт нь АНУ-ын ДНБ-ий 117 хувьд хүрч болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Харин АНУ-ын конгрессын төсвийн удирдлагын дүгнэлтээр, 2049 он гэхэд дээр үзүүлэлт ДНБ-ийн 144 хувьд хүрнэ гэв.

АНУ-ын эрх баригчид өнөөдөр төсвийн орлогыг бүрдүүлэх төрөл бүрийн арга хайх хэрэгтэй. Тус улс Иран болон Венесуэлд газрын тос, тосон бүтээгдэхүүний эрэлтийн зарим хэсгийг өөрсдөөр нь хаалгахын тулд хориг тавиад буй. Мөн ихэвчлэн гадаадын ханган нийлүүлэгчид рүү урсдаг мөнгийг дээрх улсад аль болох удаан хугацаанд тогтоохын тулд худалдааны татвар хүртэл санаачилсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд АНУ үндэсний бүтээгдэхүүнээ бусад улсаас татаж байгаа хэмээн "AMarkets" судалгааны төв дүгнэв.

АНУ-ын энэ үйлдэл нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах, дунд хугацаандаа АНУ-ын төсөвт сөргөөр нөлөөлж болзошгүй ажээ. Мөн энэ нөхцөлд АНУ наймдугаар сарын сүүл гэхэд өрөө хугацаанд нь төлж чадахгүй бөгөөд дефолт нь АНУ-ын эдийн засгаас гадна тус улсын үндсэн зээлдэгчдэд сөрөг нөлөөтэйг судалгааны төвүүд анхааруулж байна.

2017 оны зургадугаар сараас АНУ-ын Засгийн газрын өрийн хамгийн том эзэмшигч нь БНХАУ болсон. АНУ-ын Сангийн яамны материалд дурдсанаар, 2019 оны дөрөвдүгээр сард Азийн бүгд найрамдах улс 1.113 их наяд ам.долларын үнэ бүхий АНУ-ын Засгийн газрын бондыг эзэмшиж байна. Хятадын дараагаар Япон  улс /1.064 их наяд ам.доллар/, Бразил /306 тэрбум ам.доллар/, Их Британи /300 тэрбум ам.доллар/, Ирланд /270 тэрбум ам.доллар/ эрэмбэлэгджээ.

Дефолт нь Япон болон Хятад улсад хүнд тусахаас гадна, газрын тосны үнэд сөргөөр нөлөөлнө гэж судлаачид дүгнэж байна.

АНУ-ын санхүүгийн дефолтод хүрч болзошгүй нөхцөл байдал тус улсын улстөрчдийн дунд хурц маргаан дагуулаад байна. Үүнээс улбаатайгаар, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улстөрчдийн мэтгэлцээний шинэ сэдэв болжээ.

Энэ асуудалд АНУ-ын улстөрчид байр сууриа илэрхийлж эхэлсэн бөгөөд Сенатын удирдагч МакКоннелл АНУ өрөө төлж чадахгүй гэсэн асуудал байхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1979 онд АНУ Засгийн газрын өрийн дээд хязгаарыг тогтоосон асуудал нь дефолтод хүргэж байсан аж. Энэ үед Бүгд найрамдахчууд өрийн дээд хязгаарыг тогтоох Ерөнхийлөгч Жимми Картерийн эсрэг байр суурьтай байсан ч эцэст нь Засгийн газар өрийн дээд хязгаарыг тогтоох асуудалд нэгдсэн байр суурьд хүрсэн билээ. Гэсэн ч АНУ Сангийн яам 120 сая ам.долларын өрөө хугацаандаа төлж амжаагүй түүхтэй.

Дефолт нь түүхэндээ тийм ч муу үр дагавар биш. Өр төлнө, хугацааг нь дахин шинээр товлоно,  5-10 жилийн хугацаанд хүчээ дахин сэлбэх боломжтой. Гэхдээ дэлхийн том эдийн засгийн тухайд бол түүний уналт нь АНУ-ын эдийн засагтай холбоотой хямралын эхлэл байж болох бөгөөд 2008 оны хямралаас илүү сөрөг нөлөөтэйг судлаачид анхаарууллаа.

Эх сурвалж: BLOOMBERG, REUTERS, RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж