Бяцхан харваачид эвэр нумаар харвахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Бяцхан харваачид эвэр нумаар харвахаа больжээ

Бяцхан харваачид эвэр нумаар харвахаа больжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдийг эрийн гурван наадмын нэг болох сур харваагаар нээдэг уламжлалтай. Энэ ёсоороо энэ жилийн баяр наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр /2019.07.09/ хүүхдийн сур харваа болж, цэц мэргэнээ сорилоо.


“БИ ИРЭЭДҮЙД ИДЭР МЭРГЭН БОЛНО”             

Дундговь аймгаас оролцож байгаа Э.Энхмэнд хүү одоо 11 настай. Тэрбээр энэ жил өсвөрийн харваачдын тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд насныхаа ангилалд хоёрдугаар байранд шалгарчээ. Хэрсүүхэн яриатай хүү ирээдүйд Идэр мэргэн болох хүсэлтэйгээ хуваалцсан юм.

“Би сая нийт 28 сум тавьснаас 23 онож, хоёрдугаар байрын төлөө товхолж, товхоо авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхдүүд маань маш сайн харваж байна. Жаахан тогтоож л харвасан бол нэгдүгээр байранд шалгарах боломж байсан. Надад анх сур харвааг аав, ээж маань зааж өгсөн. Би айлын ганц хүү юм. Аавыг маань Эрдэнэцогт гэдэг. Аймгийн гоц харваач. Ээжийг маань н.Адьяасүрэн гэдэг бас Аймгийн гоц харваач цолтой. Тэд маань надад тэвчээртэй л байвал амжилтад хүрнэ гэж захидаг. Надад нум сумаа татаад хасаагаа онохоор маш гоё санагддаг. Харин сур харваагаар хичээллээд байхаар эрхий хуруу жаахан хатуу болчихдог юм билээ. Гэхдээ өвдөж, зовоохгүй ээ. Аймагтаа олон тэмцээнд оролцож байсан. Заримдаа товхоо алдаж оноод байр эзэлж чадахгүй болохоороо уйлна. Би ирээдүйд Идэр мэргэн болохыг хүсдэг” гэв.

ГУРВАН НАСТАЙ ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬСОН

Цэнхэр, ногоон, улаан гээд өнгө өнгийн дээлтэй, ээтэн хоншоортой монгол гуталтай бяцхан харваачдаа Төв цэнгэлдэх хүрээлэн дэх сурын талбайд угтав. Биднийг сур харваан талбайд очиход хоёр өдөр үргэлжилсэн хүүхдийн сур харваа өндөрлөж, онч мэргэнээ шалгаруулж дуусчээ. Сурын талбайд бяцхан харваачид хөөрөлдөн, тэмцээнийхээ талаар ярилцах нь өхөөрдөм. Зарим нь нумаа эвшээлгэж харагдана.

Энэ жилийн хүүхдийн сур харваанд нийт 164 өсвөрийн харваач дөрвөн насны ангиллаар оролцож, цэц мэргэнээ сорьжээ. Тэднээс насаар хамгийн бага балчир насны ангилалд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул гурван настай Н.Мэндбаяр хүү оролцож, нийт 20 сумаас 10 сум оносон ч шагнал байранд шалгарч чадаагүй байна.

Харин балчир насны эрэгтэй төрөлд долоон настай Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин, М.Ирмүүнтөгс хүү 13 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд зургаан настай Говь-Алтай аймгийн харваачдын холбоо Засагт хан клубын харваач Л.Эрхэмбилэг 20 сумаас бүгдийг нь онож, тэргүүлжээ.

ХҮҮХДҮҮД ЭВЭРТ НУМААР ХАРВАХАА БОЛЬЖЭЭ

Өнгөрсөн жилийг бодвол энэ жил хүүхдийн сур харваанд оролцох тамирчдын тоо эрс нэмэгдсэн гэнэ. Учир нь энэ жил Монголын үндэсний харваачдын холбооноос их чуулганаа хийж, өсвөрийн харваачдадаа заавал эвэр нумаар харвана гэж хязгаар тавихгүйгээр сургалтын нумаар харвах шинэчилсэн дүрмийг баталж, хэрэгжүүлж байгаатай холбоотой аж.

“Ер нь өсвөрийн харваачдын хувьд өмнө нь улсынхаа баяр наадамд оролцохдоо зөвхөн эвэр нумаар харвана” гэж заасан байдаг байсан. Нум урлаачид маань хүүхдийн эвэр нум урлахад том хүний хэрэглэдэг нумтай ижил хэмжээний материал, зардал гаргаж хийдэг учраас эдийн засаг, худалдан авах чадвараасаа шалтгаалж, өсвөрийн харваачид маш бага оролцдог байсан. Манай холбооноос энэ жил дүрэмдээ өөрчлөлт оруулж, 15-17 насны ангиллын тамирчид л эвэр нумаараа харвадаг болгосон. Бусад насны харваачид сургалтын нумаар харваж болно гэдгийг дүрэмдээ тусгасан. Ингэснээр хүүхдийн сур харваан тэмцээнд тамирчид олноор оролцох боломжтой болсон. Аймгийн баяр наадам эхэлсэн учраас энэ жилийн хүүхдийн сур харваанд 164 тамирчин оролцлоо. Сарын өмнө зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээнээр нийт 270 гаруй өсвөрийн харваач оролцсон.

Манай холбоо энэ жил сур харваан спортын дүрэмдээ өөрчлөлт оруулж, “Монголын үндэсний сурын холбоо” гэх нэрээ өөрчилж, “Монголын үндэсний харваачдын холбоо” болгосон. Тиймээс Засгийн газрын тогтоолоо өөрчлөх тал дээр зохих арга хэмжээг аваад явж байна. Холбооноос өнгөрөгч 2017 оноос эхлэн “Өсвөрийн 1000 харваач” хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын долдугаар ангийн сурагчдад сургалт зохион байгуулж байна. Үүнд сур харваан үүх түүх, уухай, дуу хөгжим гээд таван төрлөөр хичээл зааж байна” гэдгийг Монголын үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Үндэсний сурын спортын мастер Б.Нямбаяр ярьсан юм.

ӨСВӨРИЙН ХАРВААЧДЫГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГНАДАГ

Улсын баяр наадмаар хүүхдийн сур харваа тэмцээний тэргүүн байрыг 300 мянган төгрөгөөр шагнадаг ажээ. Энэ жилийн хувьд нийт дөрвөн насны ангиллын эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 40 харваачийг долоо орчим сая төгрөгөөр шагнахаар төсөвлөсөн байна.

Монголын үндэсний харваачдын холбооноос өсвөрийн харваачдынхаа шагналын санг нэг сая төгрөг болгон нэмэх саналыг Засгийн газартаа хүргүүлсэн тухайгаа дуулгалаа.

Бяцхан харваачдын сэтгэгдлээс хуваалцсанаа толилуулъя.

“СУР ХАРВААН СПОРТ ТЭСВЭР ХАТУУЖИЛТАЙ БОЛГОДОГ”

Түүнийг З.Тэргэл-Од гэдэг. Тэрбээр одоо 10 настай бөгөөд Орхон аймгийн 15 дугаар дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч.

“Би анх долоон настайгаасаа сур харваагаар хичээллэж эхэлсэн. Үндэсний их баяр наадмын хүүхдийн сур харваан тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Би энэ жил нийт 28 хасаа онохоос 19-ийг онож, 9-11 насны ангилалд дөрөвдүгээр байранд шалгарлаа. Өнгөрсөн жил бас дөрөвдүгээр байранд шалгарч байсан. Өмнө нь Улсын наадамд гуравдугаар байр, аймагтаа отог харваагаараа дөрөвдүгээр байранд орж байсан юм. Сур харваагаар хичээллэхээр бие дааж, хүнээс үг сонсож сурна, тэсвэр хатуужилтай болдог” тухай З.Тэргэл-Од хүү ярив.

“ХАСААГАА ОНОХООР ГОЁ САНАГДДАГ”

Тус тэмцээнд анх удаа оролцож, 9-11 насны ангиллын охидын төрөлд тэргүүлсэн Б.Заяа “Би одоо 11 настай. Орхон аймгаас оролцож байна. Энэ жилийн хүүхдийн сур харваан тэмцээнд анх удаа оролцож, насныхаа ангилалд тэргүүлллээ. Би нийт 28 сум тавьснаас 26 сум оносон. Нум сум бариад, хасаа онохоор цаанаа л гоё санагддаг. Хүүхдүүд сайн харваж байна. Гэхдээ зарим нь алдаа гаргаснаасаа болоод, сумаа алдах тохиолдол гарч байна” гэв.

“ЭНЭ ЖИЛ ХҮҮХДИЙН СУР ХАРВААНД ОЛОН ХАРВААЧ ӨРСӨЛДЛӨӨ”

Булган аймгийн уугуул, Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Э.Давхарбаярын хувьд энэ жил 12-14 насны эмэгтэй төрөлд тэргүүн байр эзэлжээ.

“Миний хувьд өнөөдөр нийт 28 сум онохоос 25 сум онож, насны ангилалдаа тэргүүлсэн. Би сур харваагаар хичээллээд таван жил болж байна. Миний багш Орхон аймгийн мэргэн н.Шоовдор гэж хүн бий. Анх сур харваагаар хичээллэхдээ зөөлөн нум сум хүртэл татаж харвахад бэрх санагддаг байсан. Өмнөх жилийн тэмцээнүүдэд нэг босгонд 4-5 хүүхэд өрсөлддөг байсан бол одоо 7-8 болж, илүү олон хүүхэд оролцож байна” гэв.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж