Допинг эсэргүүцэгч ба шийтгүүлэгч

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

VS

Допинг эсэргүүцэгч ба шийтгүүлэгч

2017 оны арванхоёрдугаар сард болон 2018 оны нэгдүгээр сард Допингийн эсрэг Үндэсний төвөөс авсан шинжилгээгээр Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой бодис илэрсэн юм. Тэдний барилдах эрхийг хоёр жилээр буюу 2020 оны хоёрдугаар сар хүртэл хассан байдаг.

Баяр наадмын өмнөхөн буюу зургадугаар сарын 22-нд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай сумын заан С.Майнбаяр нар өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээж, МҮБХ-ны тэргүүлэгчдэд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу 15 тэргүүлэгч хуралдаж, тэдний эрхийг сэргээн барилдуулах шийдвэр гаргасан билээ.

Энэхүү шийдвэрийг Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй нэр бүхий бөхчүүд эсэргүүцэж, багагүй маргаан дагуулснаар МБХ-ны Тэргүүлэгч нар дахин хуралдаж шийдвэрээ буцаасан. Мөн Бөхийн салбар хорооноос 2017-2018 онд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Уг асуудлаар улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын аварга Ч.Санжаадамба нарын байр суурийг “News” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

Ч.Санжаадамба
Улсын аварга

“Монголын бөхийн холбоо допингийн эсрэг хатуу бодлоготой байх хэрэгтэй. Допинг гэдэг асуудлыг монгол бөхөөс арчиж хаях хэрэгтэй. Гаргасан шийдвэртээ хатуу зогсож, допингийн асуудалд орсон бөхчүүдийн хоёр жилийн хугацааг дуустал дэвжээнд гаргахгүй байр шийдвэр дээрээ бай. Би энэ таван бөхийн мууг үзэх гэсэндээ биш. Энийг цаашлаад 500 бөхийн асуудал дагуулна. Наадмаар эдгээр бөхийг барилдуулна гэвэл ганц би ч биш, бүх бөх барилдахгүй байх. Тиймээс таван хүн барилддаг улсын наадам байж таарахгүй. Би наадмын галуудаар явж допингтой бөхчүүдийг барилдуулахгүй гэж улсын цолтой бөхчүүдээр гарын үсэг зуруулж байна. Мөнхбат аварга, Батсуурь аварга, Бүрэнтөгс арслан, Бат-Эрдэнэ гарьд тэргүүтэй 40 гаруй бөх гарын үсгээ зурчихсан байна. Дуусахаар нь МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ болон баяр наадмын комиссын даргад хүлээлгэн өгнө. Ер нь улсын алдар цолтой бүх бөх допингийн эсрэг гарын үсэг зурна гэдгээ хэлж байна.

Б.Пүрэвсайхан
 Улсын заан

Бид тавын тухайд Баянзүрх дүүргийн шүүхээс барилдах эрхийг сэргээх шүүхийн шийдвэр гарсан. Бид бүтэн жил Монголын Үндэсний бөхийн холбоог шийдвэр гаргачих болов уу гээд хүлээгээд харсан. Ингээд дараа нь МҮБХ-ны 15 тэргүүлэгчдээ хандаад, бас үзэгч түмнээсээ уучлал гуйсан хүсэлт өгсөн. Тэр дагуу манай тэргүүлэгчид хуралдаад бидний барилдах эрхийг сэргээсэн шийдвэр гаргасан. Тэр дагуу бид наадмынхаа сорилго барилдаанд журмын дагуу цахимаар бүртгүүлээд барилдах гэж очсон.

Ш.Ванчинхүү арслангийн нэрэмжит наадмын сорилго барилдаан энэ асуудлаас болоод хоёр цаг гаруй саатсан. Ч.Санжаадамба аварга нарын бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад барилдаж чадаагүй. Ч.Санжаадамба аварга наадмын галуудаар бөхчүүдээс гарын үсэг цуглуулаад явж байна гэсэн. Миний тухайд Баяр наадмын комиссынхоо шийдвэрийг дагаж хүндэтгэнэ. Комисс барилд гэвэл барилдана.

Комиссын шийдвэр гарчхаад байхад барилдахгүй гэж эсэргүүцсэн бөх гарвал бид даваагаа аваад л явах байх. Харин барилдуулахгүй гэсэн шийдвэр гарвал барилдахгүй. Монгол төрийн эрийн гурван наадам, хүчит бөхийн барилдаанд хүндэтгэлтэй хандах нь миний үүрэг. Манай нөгөө дөрөв бас надтай адилхан бодолтой байгаа болов уу. Баяр наадмаар элдэв маргаантай асуудал гаргахгүй сайхан наадаасай гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж