Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Энэ жилийн наадмын барилдааны бүртгэл өчигдрөөс Бөхийн өргөөнд эхэлсэн бөгөөд 167 бөх бүртгүүлжээ.
Бөхийн бүртгэлд улсын цолтой бөхчүүдээс хамгийн эхэнд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, Улсын аварга Ч.Санжаадамба бүртгүүлжээ. Тэрбээр наадмын сорилго барилдааны үеэр допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэж тэмцэл хийсэн нь үр дүнд хүрч энэ жилийн наадамд 2017, 2018 онд допингийн бүртгэлд хамрагдсан бөхчүүд барилдахгүй болсон юм. Наадмын бэлтгэлээ таслан барин допингтой тэмцэж байгаагаа илэрхийлж байсан аварга Ч.Санжаадамба энэ жилийн бүртгэлээ эртлэн хийжээ.
Өчигдөр Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, Д.Ганхуяг, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Б.Сайнбаяр, Н.Жаргалбаяр нарын өндөр цолтой бөхчүүд бүртгэлд хамрагдсан байна.
Мөн Улсын харцага тав, Улсын начин 28, аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн нийт 100 гаруй бөхчүүд бүртгэлд хамрагджээ. Өнөөдөр бүртгэл 18:00 цаг хүртэл Бөхийн өргөөнд үргэлжилнэ.
Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай аж.
Үндэсний их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах хөвгүүдийг өчигдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэсэн байна.
Холбоотой мэдээ