Эзэн Чингис хааны хөшөө баримал төрөлх эх орондоо заларна

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Эзэн Чингис хааны хөшөө баримал төрөлх эх орондоо заларна

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр бүхий 11 гишүүний санаачилсан Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж ирсэн. Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр түүнийг эзэмшигчдэд тодорхой шаардлага тавих хэрэгцээ гарч байна. Ихэнх улсад галт зэвсгийг иргэний гүйлгээнд хязгаарлагдмал хүрээнд хатуу хяналтын дор зөвхөн эрх бүхий этгээд өмчлөн эзэмшиж, ашигладаг. Галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас түүнийг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдаж галт зэвсэгтэй харилцах наад захын мэдлэгтэй болгох шаардлагатайг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан.

Сүүлийн 3 жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 2010 онд 43, 2011 онд 36, 2012 онд 41, 2013 онд 32 гарсан байгаа нь их тоо биш боловч үүний цаана нийгэмд учруулах аюул, хор хохирол нь их хэмжээтэй байх магадлал өндөртэй. Түүнчлэн цагдаагийн байгууллага 2013 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нуугдмал 885 галт зэвсгийг илрүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, хэв загварыг өөрчилсөн, гэмт хэрэг зөрчил үйлдэхэд ашигласан 257 галт зэвсгийг түр хураан авч, хууль бусаар худалдан борлуулдаг 41 ченжийг илрүүлэн бүртгэл хяналтад авч ажилласан байна. Иймд энэ асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй тул хууль бус наймаа, тэдгээртэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах зорилгоор хуулийн төсөлд хариуцлагын асуудал, тэр дундаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан гэдгээ онцлов.

Уг хуулийн төсөлд гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох, улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгажээ. Мөн иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга, хууль сахиулагчийн галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалтай галт зэвсэг, сумны жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталдаг байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Харин хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, О.Баасанхүү, С.Эрдэнэ, С.Оюун нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Хаянхярваа, Ш.Түвдэндорж нар саналаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нар танилцуулсан юм.

Дэлхийн даяарших үйл явц хүрээгээ тэлж буй энэ үед Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, хувь хүний итгэл үнэмшил, соёлын үнэт зүйл, халдашгүй байдлыг бэхжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах нь чухал болоод байна. Энэ зорилгын үүднээс дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа юм. Дэлхийд ганцхан энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.

Дахин давтагдашгүй, соёлын энэ үнэт бүтээлийг өөр улс оронд бус зөвхөн Монголд байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр 3 сая еврогийн үнэтэй Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хөшөөг хаана байрлуулахаар төлөвлөж буйг асуухад Засгийн газрын гишүүн С.Баярцогт гадаад дотоодын олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа гэсэн хариулт өгөв. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэн гэдэг буянтан энэ сайхан үйлсийг санаачилсан, Монголд авч ирэх зардал нь хэр болохыг тодруулахад сайд С.Баярцогт энэ эх оронч сайхан сэтгэлийн эзэн нь Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ юм, харин өртөг зардал нь аяндаа мэдэгдэх байх аа гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы энэ өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 19 цаг 38 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж