Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримт бодлогын баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.26.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм.
Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр С.Дэмбэрэл, О.Баасанхүү, С.Оюун, Д.Сумъяабазар, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм.
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг. Өмнөх бодлогын баримт биччиг хэрэгжсэн хугацаанд энэ салбарт багагүй ахиц өөрчлөлт гарсан байна. Тухайлахад, 2003 оны байдлаар улсын хэмжээнд 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, жилд 165 мянган тн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чаддаггүй байв. Харин 2014 оны байдлаар энэ салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн хөгжих эхлэл тавигдаж, жилд 518 мянган тн үр тариа, 270 гаруй мянган тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мянган тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болсон.
Гэхдээ бэлчээрийн асуудлыг орхигдуулж ирснээс доройтолд өртсөн, хөрсний элэгдэлд их автагдсан гээд алдсан тал ч бас бий. Иймээс бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барихаар төлөвлөж байгаа. Мөн хөрсний элэгдлээс хамгаалах асуудлыг Газар тариалангийн тухай хуулийн төсөлд суулгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр 2003 онд батлагдсан бодлогын баримт бичиг нь 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжиж дуусч байгаатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх бодлогыг боловсруулсан.
Түүнчлэн хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурдсаны дагуу Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хамт боловсруулсан. Учир нь энэ бүс нутагт экспортын чиглэлтэй эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх үүднээс чөлөөт бүс байгуулах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ийм тогтоолын төсөл санаачилсан юм. Нөгөө талаар энэ бүс нутагт чөлөөт бүс байгуулснаар замбараагүй олгогдож байгаа газар эзэмших асуудлыг цэгцлэхэд дөхөм болох юм гэлээ.
Бодлогын баримт бичгийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл, С.Оюун нар санал хэлсний дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.