Чуулган хаалттай горимоор хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Чуулган хаалттай горимоор хуралдаж байна

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулах хугацаа ойртож байгаа тул өнөөдрийн чуулганыг цаг сунган хуралдуулж байна. Яг одоо УИХ хаалттай горимоор хуралдаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Эл асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 56.1 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байна.

Бодлогыг хэлэлцэх шатанд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 70 орчим хувь доройтсон, бэлчээрийн даац төвийн бүс нутгуудад 3-4 дахин хэтэрсэн байгааг энэ үеэр хөндлөө.

Тиймээс хөрсийг сайжруулахад анхаарах аж. Нөгөө талаас сүргийн бүтцэд анхаарна. Одоогийн байдлаар нийт мал сүргийн 6.7 хувийг үхэр эзэлдэг, энэ тоог 10 хувьд хүргэх зорилтыг бодлогод тусгажээ.

Мөн чанарт анхаарч, малын гаралтай түүхий эд түүнд олгодог урамшууллыг чанар дагуулж олгох бодлого барих болж байгааг Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэллээ. Тухайлбал, нарийн ноосонд хоёр дахин урамшуулал олгох аж.

Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын хэлэлцэх эсэхийг шийдэхийн өмнө УИХ-ын гишүүн Су.Батболд “Сайд Р.Бурмаа тогтоолоо татаж авах ёстой гэв. Ингэхгүй бол бодлого нь ч авах юм байхгүй, Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал нь мөн авах юм байхгүй. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор тогтоолын төслийг хэлэлцэх шатанд засах гэж нэлээд оролдсон, болоогүй. Тийм учраас тогтоолыг татаж аваад сайжруулаад оруулаад ир. Ингэхгүй бол хүн хуурах гэж байгаа юм шиг сүүлийнх нь нэг хуудсанд Халх гол чөлөөт бүс байгуулах тухай гэсэн юм хавчуулчихсан, ерөөсөө болохгүй байна” гэсэн юм.

Мөн зарим гишүүн “Бодлогыг нь дэмжье, Халх гол чөлөөт бүс байгуулах асуудлыг дэмжих боломжгүй байна, салгаад санал хураалгавал яасан юм бэ” гэх санал ч гаргаж байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Тогтоолыг өргөн барихдаа тусад нь биш, хамтад нь өргөн мэдүүлсэн. Байнгын хороогоор тогтоолыг хэлэлцэхдээ мөн хамтад нь хэлэлцсэн, ийм төслийг яаж салгах билээ” гэж байлаа.

Эцэст нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гаргасан саналаар тогтоолын төслийг эхлээд хэлэлцэхийг нь дэмжье дараа нь Байнгын хорооны төвшинд сайжруулъя гэснийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, “Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж