Б.Лхагважав: Монголын авлига хөрөнгө оруулагчдыг хөөж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: Монголын авлига хөрөнгө оруулагчдыг хөөж байна

Б.Лхагважав: Монголын авлига хөрөнгө оруулагчдыг хөөж байна

Монгол-Польшийн хамтарсан бизнес форум өнөөдөр /2019.07.09/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна. Тус форумд Монголын 150,  Польшийн 20 гаруй компани оролцлоо.

Форумын зорилго нь хоёр улсын худалдаа, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Польшийн хөрөнгө оруулалтыг  Монгол Улсад татах , Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээг Польш руу экспортлох талаар хоёр орны бизнесүүд санаа бодлоо солилцлоо.

Монгол-Польшийн худалдааны алдагдал 24 сая ам.доллар

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин “Хоёр улсын хоорондох нийт худалдаа эрхлэлт ойролцоогоор 25 орчим сая ам.доллар байна. Үүнээс Монголын талаас гарч байгаа экспортын хэмжээ 140 мянган ам. доллар. Энэ бол дэндүү хангалтгүй тоо. Худалдааны алдагдал ойролцоогоор 24 сая ам.доллар болж байна. Энэ тоог нэмэгдүүлэх шаардлагатай" гэв. Түүнчлэн “Төр засгийн зүгээс экспорт хийж байгаа хувийн хэвшлийн компани, аж ахуй нэгжүүдээ дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг нь хамгаалах, санхүүгийн хувьд урт хугацааны зээл олгох зайлшгүй хэрэгтэй байна. Бид өнөөдөр эдийн засгаа тэлнэ л гэж байгаа бол экспортоо нэмэгдүүлэх ёстой. Тэр дундаа уул уурхайн салбар, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлмээр байна. Үүний тулд төр өөрөө оролцох бус суурь ажиллах боломжийг нь хангах нь чухал байна” гэдгийг нэмж хэллээ.

Польшийн бизнес эрхлэгчидтэй 30-аад жил хамтран ажиллаж, улмаар нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарыг нь хамгийн сайн судалсан хүн бол “Урбанек”-ийн Б.Лхагважав. Тэрбээр “Польш-Монголын худалдаа, бизнес гэдэг бол зөвхөн хоёр улсын хооронд бараа бүтээгдэхүүн зөөх биш юм. Ард түмний найрсаг харилцаа, хамтын итгэлцэл, харилцан дэмжиж туслах явдал. Жишээ нь, бидний хувьд бизнесийн түнш гэдгийг харилцан итгэлцэл гэж ойлгодог. Энэ олон жилийн хугацаанд нэгнийхээ итгэлийг алдахгүй, хамтран хөгжихөд тусалж, бизнес эрхэлж эхэлж байгаа бусад аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлэн өдийг хүрсэн. Энэ хэрээр хоёр улсын харилцаа улам ойртсон гэж боддог" тухайгаа хуучлав.

-Хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд ямар саад бэрхшээл байна вэ? 

-Польш улсаас манай улсад хөрөнгө оруулах сонирхол их байна. Ялангуяа уул уурхайн салбарт. Гэтэл Монгол улсад үүсээд байгаа  авлигын систем хөрөнгө оруулагчдыг хөөж байна. Тухайлбал, сүүлийн 10-аад жил Польш улс манай зэсийн баяжмалыг маш их сонирхож байна. Дэлхийд зэс боловсруулалтаараа нэгд орох компани манайтай харилцах гэж их оролдсон. Бүр үйлдвэрээ хүртэл байгуулъя гэсэн санал тавьж байлаа. Харамсалтай нь манайхан авлигаа нэхээд суучихсан, ний нуугүй хэлэхэд. Хэрэв тэр үйлдвэр баригдсан бол өнөөдөр бид зэсийн баяжмалын 500 мянган тонн зэс үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан. Тэгэхээр ийм хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг ярихад манай улсад дээд төвшиндөө “авлигын асуудал” яригддаг. Зэсийн баяжмалыг зөвхөн Хятад улс руу гаргах сүлжээний сонирхол давамгай байгаатай холбоотой. Гэтэл манай коксжих нүүрсийг Германчууд хүртэл авъя гэж байна. Польш улс ч гэсэн чанартай нүүрс авах тухай ярьж байна. Энэ улсын хувьд 1997 онд авлигын сүлжээнээс ангижирчихсан. Хөрөнгө оруулахад бэлэн. Гэтэл Монгол улсын авлигын сүлжээ бүр төгөлдөршөөд, өнөөдөр сайн технологи, менежментийг хаах бодлого бариад байгаа юм.

Монгол-Польш улс хэдий хол зайтай оршдог ч гэлээ хоёр улсын олон жилийн хамтын ажиллагаа, харилцаанд тулгуурлаад Монгол улсын зах зээлд орж ирэх сонирхол Польшийн талд их байгаа. “Монгол орон хөгжиж байгаа улс. Бизнес эрхлэхэд таатай учир манай зүгээс хөрөнгө оруулагчид их сонирхож байгаа. Хамгийн гол нь салбараа өргөжүүлэх, импорт, экспортыг нэмэгдүүлэх тусалж дэмжихэд  бидний үйл ажиллагаа чиглэж байгаа” хэмээн Польшийн Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн дарга Tomasч Waliczho хэллээ. Монголд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Land Bridge” компаний захирал н.Отгонтуяа уг форумд оролцож байхад нь санаа бодлыг нь сонслоо. Тэрбээр  “Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрийн зах зээлээ гадныханд алдаад байна. Тухайлбал эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг байгууллагууд Польш улсын үйлдвэрт захиалгаа өгөөд, өөрсдөө очиж авахгүйгээр орхичихдог. Польшийн тал ч бас хүргэлтээр Монгол руу явуулах сонирхолтой. Манай бизнес эрхлэгчид энэ нь илүү хямд гэж боддог. Гэтэл нийлүүлж буй компани илүү өндөр үнэтэй Германы ч юм уу тээвэр зуучаар дамжуулан, үнээ өртөгтөө шингээчихдэг. Ингэснээр бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр аваад Монголдоо үнэтэй эм зарах шалтгаан болоод байна” гэсэн юм.

Уг нь тээврийн зардлаа хянах боломжтой. Монголд үйл ажиллагаа явуулж буй энэ олон тээвэр зуучийн компанийг хооронд өрсөлдүүлээд бага зардлаар тухайн үйлдвэрлэгчийн хашаанаас Монгол руу авч ирэх юм.

Эдийн засгийн харилцаа сайн байхын тулд мэдлэг боловсрол, харилцааг сайжруулах ёстой. Тиймээс уг форумд Польш улсын Варшавын Их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Яцик Мэнцина оролцож байна. Тэрбээр ярихдаа “Энэ форумын хүрээнд хоёр удаагийн сургууль хоорондын уулзалт-хурал зохион байгуулна.. Эхнийх нь ирэх 11-р сард Польш улсад, дараагийнх нь дараа жилийн 5-р сард Монголд болно. Уулзалтаар хоёр улсын Их сургуулийн багш нарын солилцоо явуулах тухай ярих юм. Цаашдаа өргөжиж оюутан солилцоог зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж