Наадмын тасалбар дээр "нанчилдсаар" байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбар дээр "нанчилдсаар" байх уу?

Наадмын тасалбар дээр "нанчилдсаар" байх уу?

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам  болоход ердөө ганц хоног үлджээ. Жилийн жилд наадмын тасалбар дээр нанчилддаг явдал энэ жил ч өөрчлөгдсөнгүй.  “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” наадмын тасалбарт дугаарлагчдын хөлд дарагджээ.

Өчигдрөөс /2019.07.08/  эхлэн баяр наадмын тасалбарыг худалдаалж эхэлсэн.  Энэ жилийн хувьд  наадмын 6000 мянган тасалбарыг иргэдэд зарах бол 3000 тасалбарыг гадаадын жуулчдад худалдах аж.  Нийтдээ 12 мянган тасалбар хэвлүүлснээс 3000 мянгыг төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгож байна.

Наадам бүрээр л наадмын тасалбарыг онлайнаар худалдах асуудлыг иргэдээс тавьсан. Энэ жил  Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар худалдаалахаар шийджээ. Иргэдэд зарах 6000 мянган тасалбараас 1200 ширхэгийг онлайнаар зарах аж. Өчигдөр /2019.07.08/ эхлүүлсэн онлайн захиалгаар 600 тасалбар борлуулсан байна. Үлдсэн 600-г нь өнөөдөр борлуулж дуусгах аж. Онлайнаар наадмын тасалбар худалдан авахыг хүсвэл https://eservice.ulaanbaatar.mn/ хандаарай. 

Гэхдээ онлайнаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын суудлыг борлуулж байгаа аж.  Онлайнаар тасалбар захиалсна иргэд Дүнжингараваас баримтаа үзүүлээд очиж авах гэнэ. 

Онлайн захиалга өгөөгүй  иргэд  наадмын тасалбар худалдаж авахдаа заавал  хуруугаа уншуулах аж. Энэ нь наадмын тасалбарыг шаглахаас сэргийлж байгаа арга бололтой. Нэг хүнд ердөө 2 тасалбар өгөх аж. Хэдийгээр наадмын тасалбар шагчдын гарт орохоос сэргийлж энэ мэт арга хэрэглэж буй ч  Дүнжингаравын  үйлчилгээний нэгдсэн төвөөс хоёр иргэн  50 гаруй тасалбарыг авч яваад цагдаагийнханд баригдсан байна.

ТОМООХОН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИХ АЖЛЫГ Л ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц  Үндсэн оршин суугч нь гэхэд 1.4 сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод 12 000 хүний суудалтай ганц Төв цэнгэлдэх хүрээлэн бий. Төв цэнгэлдэхэд наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэж сонирхох гэсэн ард иргэдийн зүгээс жилийн жилд гомдол санал гардаг нь үнэн.

Олон арван мянган хүн наадмын тасалбар авах хүсэлтэй байдаг. Түүнчлэн дэлхий нийтэд Монголыг таниулах аялал жуулчлалын гол брэнд болсон гэдэг утгаараа монгол наадмыг маань үзэж сонирхохоор маш олон жуулчин хүсэлтээ ирүүлдэг. БОАЯ-ныхан гэхэд л гадаадын жуулчдад зориулж наадмын нээлт, хаалтын 5000 тасалбар олгох хүсэлтээ ирүүлдэг. Гэвч бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суудлын тоонд захирагдахаас өөр аргагүй. Аль болох бүхий л боломжит зохион байгуулалтыг хийж байна. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсныг өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000-д хүргэлээ. Ер нь цаашид монголчууд бид олон мянган хүний багтаамжтай томоохон цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг л эхлүүлэх шаардлагатай байна” гэсэн тайлбар өгөөд байгаа. Эндээс харвал 12 мянгахан хүний суудалтай, ачааллаа дийлэхгүй хүрсэн Цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх цаг болсныг иргэд хэлж байна. 

"ХӨӨЕ ЧИ ЯАХ ГЭЖ БАЙНА. УРДУУР ОРОХГҮЙ ШҮҮ”

Дүнжингарав дээр очлоо. Наадмын тасалбар авах гэсэн иргэд нэг цэгийн үйлчилгээний хаалганаас эхлэн Дүнжингарав захын зүүн үзүүрийг тойртол хүмүүс дугаарлажээ.  Хүмүүсийг  эмх цэгцтэй байлгах үүднээс наагуур нь төмөр хашлага хийж цагдаа нар хамгаалтад гарчээ. 

Хажуугаар нь явах хүмүүсийг “Хөөе чи яах гэж байна. Урдуур орохгүй шүү” гэж хардсан янзтай уцаарлана. Наадмын тасалбар авахын тулд хонон өнжин дугаарлаж байгаагаа  үглэж байна. 

Наадмын тасалбарыг 08.00 цагаас эхэлж борлуулж эхэлнэ гэсэн боловч 11.00  цагийн байдлаар тасалбар олгож эхлээгүйд иргэд гомдоллож байсан юм. 

Дээрх асуудлын хүрээнд мэдээлэл авахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргалтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Тус газрын мэргэжилтэн нь мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Ядаж л наадмынхаа тасалбарын нанчилдаангүй, чирэгдэл, дарамтгүй худалдаалдаг болчих юмсан.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж