Зайсангийн газрыг УИХ-аар оруулна

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Зайсангийн газрыг УИХ-аар оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж газар өмчлөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэдийн 13 хувь газраа өмчилжээ. Мөн Газар өмчлөлийн хугацааг хоёр ч удаа УИХ сунгасан байна.

Нийслэлийн иргэдийн хувьд цахимаар газраа өмчилдөг болсон. Технологийн дэвшил ашигласнаар 2014 онд 14540 иргэн газраа өмчилсөн бол 2013 онд 852 иргэн Улаанбаатар хотын хэмжээнд газраа өмчилж байжээ. Өөрөөр хэлбэл, цахим газар өмчлөл илүү олон иргэнийг газраа өмчлөх боломжоор хангаж өгч буй аж.  

Газар өмчлөлтэй холбоотой асуудлын хүрээнд Зайсангийн иргэдийн газрын асуудлыг хэрхэн шийдсэн бэ гэдэгт Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол хариулт өглөө.

Зайсан нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тухайн газарт олон жил амьдарсан иргэд газраа эзэмших болон өмчилж авах эрх үүсэхгүй байгаа аж. Гэхдээ асуудлыг судалсны үндсэн дээр Зайсангийн иргэдийн амьдарч байгаа газрыг нь таван жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ олгосон аж.

Энэ асуудлыг цааш шийдэхийн тулд УИХ-д асуудлыг оруулах гэнэ. Ингэхдээ Тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд УИХ-ын 23 дугаар тогтоолын хүрээнд шийдэх бодлого барьж буй юм байна. Ийм гарц гаргахгүй болохоор Зайсангийн иргэдийн газар руу өдөр бүр дайрч буй учраас ашиглалтын гэрчилгээ олгосон энэ аж.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Зайсангийн иргэдийн газрын асуудал маш олон жил шийдэгдэлгүй явж ирсэн. Үүнийг Д.Оюунхорол сайд шийдэл гаргаж, иргэдэд газар ашиглах эрхийг нь олгосон нь сайшаалтай хэрэг болсон. Талархах ёстой.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Газар чөлөөлдөг ханш хэд вэ, нэг айлын газар 30 орчим сая төгрөгт хүрч байх шиг. Гэтэл Чингэлтэй дүүрэгт цэцэрлэг баръя гэхээр ганц айлын газар 100 сая төгрөгт хүрчихээд байна.

Улаанбаатар хотын орлогч дарга Н.Гантөмөр “Иргэдийн саналыг үндэслээд тодорхой радиуст шийддэг. Гэхдээ судалъя.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Нэг хашаанд маш олон айл байдаг, газар хувьчлал 10 гаруй хувьтай байна гэлээ. Цаашид интернэтэд орж газраа өмчлөх боломжгүй иргэдэд нийслэл, дүүргийнхэн тулж ажилламаар байна.

Сэтгэл байвал дархан цаазат газрын асуудлыг шийдэж болдог юм гэдгийг Д.Оюунхорол сайд харууллаа. Талархая. Цаашдаа газар нэг гэр бүлийн дөрвөн иргэн газраа нэг дор өмчилж авах боломжоор нь хангаач ээ. Одоо бол ийм боломж байхгүй байна.

Ийн Засгийн газрын цаг дууссаны дараа УИХ Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.

УИХ энэхүү бодлогыг үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаад завсарласан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж