Сэрсэн талд сэцэн Мандухай эгшиглэх цагаар

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Сэрсэн талд сэцэн Мандухай эгшиглэх цагаар

Сэрсэн талд сэцэн Мандухай эгшиглэх цагаар

Буй биеэр минь цус биш хөгжим урссаар.  Тал нутгийг бүхэлд нь сэрээж, түмэн адуу давхих мэт. Тийм мэдрэмжийг зөвхөн монгол хүн  хөгжим болгож, монгол хүмүүс  хөгжмөөр илэрхийлж чадна. Ийм  "Сэрсэн тал"-д сэцэн Мандухай Их Монгол Улсынхаа төлөө байлдаж явсан биз.

Монголын орчин үеийн хөгжмийн ноён оргилууд бол Б.Шарав, Н.Жанцанноров нар. Тэд зэрэгцээ орших сүрлэг уулс юм. Тэднийг хөгжимгүйгээр, тэдэнгүйгээр Монголын хөгжмийн ертөнцийг төсөөлөх аргагүй. Тиймээ, уулаар бол Алтай Таван богдын Хүйтэн оргилууд. Тэнд хүрэхийн тулд хичнээн их хөлс хүч, авъяас хөдөлмөр, цаг хугацааг зарцуулсан бол оо.  Тэднийг  төрөлхийн мэдрэмжүүд гэвэл зохилтой.  Бурханы өгөгдөхүүнтэй цул авъяасууд. Хүссэн нь тэдэн шиг "Сэрсэн тал"-д сэцэн "Мандухай"-г бүжиглүүлж, эсвэл "Цагаан суварга" дээрээс "Гэгээн алдсад одох юмсан" гэж мөрөөдөж чадахгүй.

Бодол минь Монголын талд морь унан давхиж байна. Эрх чөлөө минь, ардчилсан Монгол минь. Намуухан урсах голын тохойд хос хоёр хайрын үгс хэлэлцэх мэт. Ай, "Сэрсэн тал", ай, "Мандухай сэцэн минь". Монголоороо омогшиж, Монголоороо огших суутнууд минь.

“Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, “Сэтгэлийн эгшиг”.  Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан суут бүтээлийн эзэн бол Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав. Түүний бүтээлүүдээс хамгийн олон тоглогдсон нь “Сэрсэн тал”.

Тэрбээр “Сэрсэн тал” бүтээлийнхээ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би багадаа хурдан морь унаж хөдөө өссөн. Малчны хүүхэд. "Сэрсэн тал" миний бага насны амьдралтай холбоотой. Захиалагчийн санаа юу байсан бэ гэхээр, ерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байсан. Одоо наадмаар морь уралдахад "Сэрсэн тал" байнга явж байдаг. Хурдан морины уралдаантай сайхан таардаг” гэж онцолсон бий.

Бүсгүй хүний нандин сэтгэл, хайр дурлалаа зүрхэндээ нууж, илд барьж, нум сум агссан их хатан Мандухайн сэтгэлд яг ийм уй гуниг, баяр жаргал хослон эгшиглэж байсан бизээ. Гоо үзэсгэлэнгээ хуяг дуулгаар нууж, морин дэл дээр өнгөрөөсөн тэртээх Мандухайн амьдрал. Яг одоо тэр амилж ирээд,

"Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Хааны чинь үр нярайдав гэж
Хадар авхайн үр гавьяа гэхэд
Хан ордны дэргэд ирэв.
Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Ачит үр чинь авья гэхэд
Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би,
Айх амь минь алдрав.
Ичих нүүр минь эвдрэв" хэмээн тангарагийн үгээ хэлэх мэт.

"Сэцэн Мандухай ", "Мөнх тэнгэрийн хүчин дор", “Цагаан суварга”. Эднийг хэн төрүүлсэн гээч. Агуу Н.Жанцанноров шүү дээ.

Тэрбээр “Би XIV зууны үеийн хөгжмийг хийхдээ юу бодож байснаа чин үнэнээр нь хэлье. “Уяхан замбуутивийн наран” –г арав, арван жилийн зайтай дуулсан Норовбанзад гуайн бичлэгүүдийг хүртэл судалж үзсэн. Өөр өөр сонсогддог юм билээ. Технологийн өөрчлөлт уртын дуунд хүртэл өөрчлөлт оруулдгийг мэдэрсэн. Царцаа ногооноор нисч байх үеийн Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замбуутивийн наран”, АН-24-өөр ниссэн үеийн “Уяхан замбуутивийн наран”-гаас өөр долгионтой. Учир нь технологийн хурд хүнийг өөрчилдөг. Хүний сэтгэхүй их янзын. Одоогийн улс удаан юмыг үзэж чадахаа больсон. Бага цагт их багтаамжтай яваад байна л даа. Харин дээр үед их цагт бага багтаамжтай явж байсан. Ингээд ухаарахаар XIV зууны үед уртын дууг иймэрхүү боольхой маягаар дуулах юм байна гэсэн төсөөлөл буугаад ирж байгаа юм. Хөгжим зохиох тэр үед яг байран дээрээ суугаагүй. Оюун санаагаа тухайн цагт аваачиж бичсэн. Тиймээс “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн тухай өнөөдөр биш 800 жилийн дараа ярих учиртай” хэмээн хэлсэн байдаг.

1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг хоёр удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цолоо хүртсэн билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж