ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ,
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Төв азийн цээжинд орших нүүдэлчин угсаа, төрт их ёсны өв уламжлалаараа бахархан суугаа Монгол түмэн, зон олондоо Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Мөн улс орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын төрийн өмчит болон хувийн хэвшлийн нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууддаа баярын мэндчилгээ хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Өнгөрсөн 100-аад жилийн хугацаанд эрчим хүчний бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэж, эдүгээ улс орон, айл өрхийн цахилгаан, дулаанаар тасралтгүй хангах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг манай салбарын арван мянга гаруй ажилсаг хамт олон үүрч яваа билээ. Монгол Улсыг хөгжил дэвшлийн замд хүргэх зүтгүүр болсон эрчим хүчний салбарын хамт олон та бүхэн цаашид ч хэрэглэгчдийнхээ дулаан, цахилгааны амин чухал хэрэгцээг хангах их үйлсдээ улам их амжилт гаргаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд зайлшгүй шаардлагатай байсан нэмэлт, өөрчлөлтийг санаачлуулж, Улсын Их Хурлын 2019 оны хаврын чуулганаар батлууллаа. Төвийн бүсийн эрчим хүчний системд “Дарханы дулааны цахилгаан станц”-ын 35МВт-ын өргөтгөл, “Дулааны IV цахилгаан станц”-ын өргөтгөл шинэчлэлийн эхний турбин, Улаанбаатар- Мандалговийн 330 кВ-ын 250 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, хоёр дэд станцын ажил дуусч, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын өргөтгөлийн ажил эхэлж байна. Мөн 2023 он гэхэд “Тавантолгой цахилгаан станц”-ыг барьж, Оюутолгойн уурхайн эрчим хүчийг дотоодоосоо хангах нөхцөл бүрдлээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд бидний санаачлан эхлүүлсэн ажлууд бодит үр дүнгээ өгч эхэллээ. Сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаа жигдэрч, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулдаг гэдгийг БНСУ-ын лаборатороор батлагдсан. Гэр хорооллын 20 мянга гаруй айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлж, “Хүчит шонхор” дэд станцыг ашиглалтад хүлээлгэж өглөө. Ийнхүү багцаар хийгдэх ажлын үр дүнд нийслэлийн иргэдийг олон жил хордуулсан агаарын бохирдол ирэх өвөл 50 хувиар буурах юм.
Монгол орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх их үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарынхаа нийт хамт олонд ажил хөдөлмөрт нь арвин амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сар асгарч, хур тэгширсэн, найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй
Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд
Цэрэнпилийн ДАВААСҮРЭН
Холбоотой мэдээ