Дэлхийн хамгийн чинээлэг хос Жефф Безос болон түүний гэргий Маккензи нар өнгөрсөн нэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулах болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Олон нийтийг гайхшируулсан энэ дуулиант салалтын дараахан дэлхийн хамгийн чинээлэг эр Жефф эхнэртээ хэдий хэмжээний хөрөнгө тасалж өгөх бол гэдэг нь анхаарлыг төвд байв. Тэгвэл Жефф өөрийн үүсгэн байгуулсан Амазон компанийнхаа дөрвөн хувийг эхнэртээ өгөхөөр болов. Тэрбумтны эхнэр тэрхүү хөрөнгөний ихэнхийг нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулна гэдгээ мэдэгдээд байна.
Маккензи Амазон компанийн 38.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний 19.7 сая хувьцааг авсан бөгөөд энэ нь компанийнх нь дөрвөн хувьтай тэнцэх аж. Харин Безост компанийн 12 хувь үлдэж байгаа бөгөөд энэ нь ойролцоогоор 114.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ.
Амазоны хувийг авснаар Маккензи дэлхийн чинээлэг эмэгтэйн жагсаалтад гуравт бичигдэж байна. Forbes-ийн жагсаалтад дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр L’Oreal –ийн өв залгамжлагч Француаза Беттанкур-Майер 49.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлдэг бол хоёрт Walmart-ийн өв залгамжлагч Элис Уолтон 44.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигддэг юм байна.
Үүнээс гадна Маккензи хүүхдүүдээ өсгөх тал дээр төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Жефф Безос болон Маккензи нар төрсөн хоёр, өргөмөл хоёр гээд нийт дөрвөн хүүхэдтэй.
Эх сурвалж: Forbes
Холбоотой мэдээ