Олимпийн хошой аварга Елена Исинбаеваг ирэх жил Рио-де-Жанейрогийн олимпоос медаль авах магадлал багатай гэж түүний хуучин дасгалжуулагч Виталий Петров ярьсан байна. Түүний өгүүлсэнээр бол Исинбаева хүүхэд гаргаж, бэлтгэлдээ арай оройтож орсон нь медаль авах боломжийг нь багасгасан гэнэ. Исинбаева жилийн өмнө охиноо төрүүлж, энэ хавраас бэлтгэлдээ гарсан билээ.
“Хэрвээ Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд өрсөлдөнө гэвэл түүнд хэцүү байх болно. Төрсний дараагаар эргээд формдоо орох хэцүү байдаг. Тэгээд ч нас бас ахьчихлаа. Мэдээж, Бразилд болох олимпод амжилт гаргаж болно л доо. Гэхдээ л медаль авах найдлага бол бага. Магадгүй бэлтгэлээ арай эрт эхэлсэн бол боломж гарч мэдэх байсан биз. Гэвч спортод юу ч тохиолдохыг таамаглахын аргагүй шүү дээ” гэж Петров ярьжээ.
Петровын удирдлага дор Исинбаева 2005-2011 онд ажиллахдаа Бээжингийн олимп болон Осакад болсон Дэлхийн аваргад түрүүлсэн юм. Харин 2011 оноос Петровтой хамтран ажиллахаа больж, анхны дасгалжуулагч багш Евгений Трофимовын удирдлага дор бэлтгэлээ базааж эхэлсэн.
Эх сурвалж: http://horom.mn