Доктор Р.Даваа
Шууд Ардчилал Хүрээлэнгийн ажилтан
1990 онд Д.Нинж, Э.Бат-Үүл зэрэг ардчилсан хувьсгалын түүчээ болж явсан залуус ямар ч “-изм”-гүй нийгэм байгуулна гэж ярьдаг байсан нь саяхан мэт санагддаг. Гэтэл бүхэл бүтэн хорин таван жил буюу нэгэн зууны дөрөвний нэг нь өнгөрсөн боловч нөгөө хүний төлөө гэдэг хирнээ коммунизмын төлөө байсан нийгмээсээ дор, хүнээ уландаа гишгэсэн нийгэм бүрэлдэн тогтож, алдарт “хонгилын үзүүр дэх гэрэл” нь ч бүртийн харагдахгүй болж, цөөхөн хэдэн гэр бүлийг улам баяжуулсан олигархуудын засаглал тогтлоо гэж иргэд бухимдах болжээ. Аливаа зүйлийн үнэн мөнийг цаг хугацаа л харуулдаг. Гэхдээ цаг хугацаагаар нотлогдохыг хүлээсээр байвал дахин нэг “дөрөвний нэг”, дахиад нэг … гэсээр бид хорин хоёр дугаар зуунтай золгож магад.
Засаг төр нь ажиллаад л байдаг … иргэд нь бухимдаад л байдаг … учир юундаа байна? Засаг төр нь иргэдээ сонсож байна уу? Иргэд нь засаг төрийнхөө хийж бүтээснийг олж харахгүй, ойлгохгүй, хүндэтгэхгүй байна уу?
Улаанбаатар хот бараг хүнээсээ илүү машин тэрэгтэй гэхэд хилсдэхгүй. Угийн унаа хөлөгт дуртай монголчууд машин тэрэгний чанарыг ч сайн мэднэ. Засаг төр гэдэг чухам л энэ унаж давхиад байгаа машинтай адил хурдан түргэн, хүрэх газар нь хүргээд өгдөг байхыг л манайхан хүсээд байна. Энэ ч тэдний эрх.
Эргэн тойрон харамсаж, шүүмжлэл өрнүүлж буйг ялангуяа интернэт, түүн дотор “Нүүр ном”-оос олж харах амархан. Жишээлэхэд “Зуслангийн зам засварын ажлыг харахад бахадмаар, манайхан ч бас ажлыг хийж чаддаг болж гэж бодогдож байна. Би анх удаа л ийм хөрөнгө мөнгө зарсан нүсэр бүтээн байгуулалтыг харж байна, сайхан байна, яг зуслан гардаг цагаар хийлээ гэж бухимдаад яахав, удахгүй сайхан замаар давхина гэхээр сайхан байна шүү!” гэж. Гэтэл хариуд нь “Угаасаа зам тавихдаа мөнгө иднэ, тэгэхээр чанар нь муудна!” гэж бичиж.
Бас нэг пост: “Дээд дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэл бүх гэрэл нь асуулттай байх юм … өдөржин, мэдэх газар байна уу?” Хариуд нь “Манай байрны урдах ийм гэрэл ч өдөр шөнөгүй асаалттай байх юм, хайрхан мөнгө!”, “Эзэнгүй, баян Монгол” зэргээр бичжээ. Дээр үед “Матар”, “Тоншуул” сэтгүүлд бичигдвэл балардаг, тэр дороо асуудалд ордог, дутагдлаа арилгах үүрэг авдаг, бараг ажлаасаа авахуулж байсан биз. Харин одоо гудамжинд бие засаж байгаа хүн ч нэтд зургаа тавиулчихаад тоохоо байж. Зун бүр л голын усанд машинаа угааж байгаа хүмүүсийн зургийг “Өөрөө үзтэл нь шэйрлэ!” гэж байгаад л залуус тавьж байна.
Гэрлээ унтраагаач!
Ийм юмгүй байхад юу саад болж байна вэ?
Энэ нь манай иргэд эх орон, нийслэл хот, өөрийн оршин буй нутаг дэвсгэрийнхээ эзэн нь байж, сайн сайхан байлгахыг л хүсэж буйг харуулж байна. Олон жил дээрээс удирдуулсны харгайгаар өдий хир тэр инерцээрээ явж ирсэн хэдий ч иргэд санаа тавьж байна гэдэг бол маш чухал. Philistine, обыватель буюу хар амиа бодсон, хувиа хичээсэн хүмүүс улс нийгэм, орчин тойрны амьдралд огт анхаардаггүй, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаггүй. Сүүлийн үед зарим хүмүүс өөрийгөө elite гэж нэрлэдэг болоод байгаа. Уг нь элит гэж улс нийгэмдээ жинтэй, хүн бүрд мэдрэгдэхүйц хувь нэмэр оруулсан хүмүүсийг хэлдэг. Мэдээж хэрэг нийгмийн хөгжилд хүн бүр ийм хувь нэмэр оруулж чадахгүй, цөөн тооны хүмүүс л аливаа улс орныг өөд нь татсан байдаг. Энэ бол хүн төрөлхтний түүхээр батлагдсан үнэн. Гэсэн ч 21-р зууны амьдралд хүн бүрийн оролцоо улам чухал болсоор байна. Ялангуяа манай орон шиг стандарт бус түүхэн хөгжлийн замаар явж буй улсын хувьд маш чухал.
Сүүлийн нэлээд хэдэн жил Иргэний оролцоо-шууд ардчиллын тухай ярьж, бичиж, тодорхой ажлууд хийгдэж ирлээ. Энэ асуудлаар юуны өмнө Швейцарь улсыг нэрлэх хэрэгтэй. Швейцарь улс тусалж дэмжин, олон ажил хийгдээд байна. Мэдээж манай орон Швейцариас эрс өөр болохоор өөрийн гэсэн хандлага хэрэгтэй. Энэ тухай олон удаа нийтлэл, ярилцлага гарч байсан болохоор уншигчид тодорхой хэмжээний төсөөлөлтэй болсон байх. Жишээлэхэд “Омбудсмэн” гэж үгийг бид мэддэг болсон. Одоогоор “Нийтийн заргач” гэж хэлж байна. Бид ТББ гэж үгтэй танилцаад хорин таван жил л болж байна. Үүний адил удахгүй омбудсмэн гэдэг үгийг ч сайн мэддэг болох байх. Мэдэж байж л хэрэглэдэг. ТББ-ын тухай анх иргэдэд засгийн газар аливаа зүйлд хүрч чадахгүй учир засгийн газарт туслах, дэмжих зорилготой гэж тайлбарлаж байсан. Омбудсмэн нь бол засаг төр нь олж харж чадахгүй, мэдэж байгаа ч тодорхой зорилгоор хийхгүй, эсвэл эс үйлдлээр халхалж байгаа нөхцөлд иргэдийн санаж бодсоныг гүйцэлдүүлэхийн тулд заргалдах буюу иргэдийн өмгөөллийг гүйцэлдүүлэх үүрэгтэй.
Аливаа улс оронд манайхны “Буяны ажил” гэж эвгүй нэрлээд байдаг Charity хөгжсөн байдаг. Улс нийгмээ хөгжүүлэх, бусдыгаа дэмжихэд хөрөнгө чинээгээ зарцуулна гэсэн үг. Манайд Х.Баттулгаас өөр хүний төлөө (энэ нь эцсийн бүлэгт нийгмээ л өөд нь татаж байгаа хэрэг) жинтэй мөнгө хаячихдаг хүн одоогоор харагдахгүй л байна. Мөн “Зарц–удирдагч” гэдэг нэр томъёо дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй оронд ихээхэн алдартай, хэрэг дээрээ ч мөрддөгддөг. Дээрээсээ иргэдээ сонсож, доороосоо иргэд нь өөрсдөө эсвэл омбудсмэнээрээ дамжуулан санал бодлоо хэлж, шийдвэр гаргахад оролцон улс орноо хөгжүүлэх, босгож ирэх цаг хэдийнээ болсон. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдгээр улс нийгмээ сайхан болгох хэрэгтэй, хойш тавьшгүй шаардлагатай байна. Үүнийг иргэд л хийнэ. Эрх мэдэлтнүүдийн хувьд иргэний оролцоо иргэнээ хайрлахаас эхэлнэ.
Р.ДАВАА