Трампын бодлого Америкийг агуу болгосон уу

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Трампын бодлого Америкийг агуу болгосон уу

Трампын бодлого Америкийг агуу болгосон уу

Гурван жилийн өмнө Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг дэлхийн зах зээл цочирдон хүлээж авсан билээ. Түүнийг нэгдсэн улсын төрийн тэргүүнээр сонгогдмогц санхүүгийн гол индексүүд унаж, долларын ханшийн уналт евро, иен, песод нөлөөлж, цаашлаад газрын тосны үнэ ч дагаад уруудсан. Улмаар дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үргэлжилж, Хятад эдийн засгийн бүтэцдээ шинэчлэл хийхийг оролдож, Орос газрын тосны үнээс хамааралтай эдийн засгаа өөд татахыг хичээж байв.

Трампын хэрэгжүүлэхээр амласан цагаачлал болон худалдаанд хязгаар тогтоох нь цаашдын өсөлтөд саад учруулна гэдгийг ОУВС-гаас анхааруулж байлаа. Түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг зогсоож, Хятад, Мексикт өндөр татвар тогтоосон тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.2% болон буурах магадлалтайг ч онцолж байв.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп Хятадын эдийн засгийн олон улс дахь нөлөөг хүчтэй шүүмжлэхдээ байгаль орчны аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарын стандарт хангахгүй бараанд Америкийн зах зээл дээр өндөр босго тогтооно гэж мэдэгдсэн.

Тэрбээр хэлсэн амандаа хүрч, өнгөрсөн онд Хятад улсаас импортолж буй 34 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Америкийн компаниудын оюуны өмч болон технологийг Хятадын компаниуд хууль бусаар олж авах, эзэмших, түүнчлэн хятадууд худалдааны шударга бус арга хэрэглэдэг байсантай холбоотой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа хэмээн Трамп өмнө нь мэдэгдсэн билээ.

Трамп АНУ-ын засаг захиргааны энэхүү шинэ арга хэмжээнүүд нь тус улсын Хятад улстай хийдэг худалдаанд хүлээдэг 500 тэрбум ам.долларын алдагдлыг арилгахад тус дөхөм болно гэж үзжээ.

2019 оны тавдугаар сараас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын импортын бүтээгдэхүүнд тариф ногдуулах талаар дахин ярьж эхэлсэн. Тэрбээр өмнө нь ярьж байсан 200 тэрбум ам.доллар дээр нэмээд 325 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнд 25 хувийн тариф тогтоох талаар өөрийн твиттер хуудастаа жиргэсэн.

Трамп Хятадын импортын барааны татварыг 10-25 хувь болгон өсгөх шийдвэр гаргаж, уг шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн билээ. 2018 онд тавьсан тарифтай холбогдуулан АНУ, БНХАУ-ын хооронд яриа хэлэлцээрүүд явагдаж буй ч бодит үр дүнд хүрэхгүй байгаа юм.

2018 онд хоёр орны хооронд хийсэн нийт худалдаа 737,1 тэрбум доллараар хэмжигдэж, АНУ 179,3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл рүү гаргасан бол Хятадын зах зээлээс 557,9 тэрбум ам.доллараар хэмжигдэх бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авчээ.

Трамп сонгогдсоноосоо хойш юу хийв?

Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи хугацаанд 4 сая гаруй ажлын байр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын түүхэнд байхгүй ихээр америкчууд ажлын байртай болсон гэсэн үг. Өрхийн дундаж орлого хамгийн өндөр түвшинд хүрэв. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 400 мянган үйлдвэрийн ажлын байр бий болгосон байна. Ажилгүйдэл бүхий л түвшинд тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ган болон хөнгөн цагаанд ногдуулах татварыг нэмжээ. Оюуны өмчийн хулгайн эсрэг Хятадад тавьж буй татварыг нэмэгдүүлсэн. Цэвэр экспортын хэмжээ 2019 онд 59 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

АНУ-ын засаг захиргааны хэрэгжүүлж буй уг арга хэмжээнүүд нь Ерөнхийлөгч Трампын мөрийн хөтөлбөртэй шууд холбогдож буй юм. Түүний мөрийн хөтөлбөртөө  тусгасанчлан, хятад мөрөөдлийн хурдыг сааруулах зорилготой “худалдааны дайн” дэгдсэн. Хятад, Америк мөрөөдлийг биелүүлэхэд хоёр улсад хоёуланд нь эдийн засгийн нөөц хэрэгтэй. Хоёр их гүрний эдийн засгийн нөөцийг харвал АНУ БНХАУ-аас давуу. АНУ өөрийн давуу байдлаа ашиглан тоглолт хийж байна гэж шинжээчид үзэж буй юм. АНУ-ын хувьд БНХАУ-ын эдийн засаг саармагжихад америк мөрөөдөл эрчимжинэ гэж тооцжээ.

Дональд Трампын эдийн засгийн бодлогын үрээр АНУ-ын эдийн засаг жил бүр 3 хувиар өсч, 1938 оноос хойш хөрөнгийн зах зээл нь гайхалтай өсөлттэй байна. Гэхдээ шинжээчид Трампын бодлогын үр дүнд АНУ-ын үндэсний өр ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байгааг анхааруулж буй бөгөөд энэ нь Конгрессын "шүдний өвчин" болжээ.

Статистик мэдээллээр, 2019 он эхний улиралд АНУ-ын эдийн засаг 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь хөгжингүй, томоохон эдийн засагтай орнуудтай харьцуулбал маш сайн үр дүн юм. Гэвч Олон Улсын Валютын Сан (ОУВС) АНУ-ын өр 2023 онд ДНБ-ий 117 хувьтай тэнцэнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Bloomberg, Rambler, Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж