Колумбад жижиг онгоцны ослоос амьд үлдсэн дөрвөн сартай нярайг эхийнх нь хамт аварчээ. Эх хүүхэд хоёр онгоцны ослоос амь үлдсэнээр барахгүй ширэнгэн ойд дөрвөн өдрийн турш тусламж хайн хэсүүчилсэн байна.
Мариа Нелли Мурилло гэгч бүсгүй дөрвөн сартай хүүхэдтэйгээ ширэнгэд дөрөв хонохдоо наргил модны самрын шүүс, борооны усаар гол зогоож байжээ. Тэдний сууж явсан онгоц Куйбдо хотоос хөөрснийхөө дараа Колумбын баруун хэсгийн ширэнгэд унаж сүйрсэн байв.
Ослоор онгоцны нисгэгч амь үрэгджээ. Жижиг онгоцонд их хэмжээний загас тээвэрлэж явсан нь осолд нөлөөлсөн гэж албаныхан үзжээ. Эх, хүүхдийг өдгөө Меделлин хотын эмнэлэгт хэвтүүлэн сувилж байна.
Эх сурвалж: Associated Press’
Б.АНХТУЯА