Зургаан хүн аянганд өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Зургаан хүн аянганд өртжээ

    2010 он гарсаар зургаан аймгийн зургаан суманд нийт зургаан удаа аянга бууж,  гурван хүн нас барж, хоёр хүн эмнэлэгт хүргэгдэж, 72 бог мал, нэг морь аянганд цохиулсан байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас дуу цахилгаантай аадар борооны үеэр иргэд өөрөө  болон эргэн тойрны хүмүүсийг аянганд өртөхөөс сэргийлэх үүднээс доорхи зөвлөмжийг гаргажээ. Үүнд:

-Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай гэж үзэх хэрэгтэй
-Өндөрлөгт байгаа зүйл уруу аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс  дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.
-Биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.
-Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.
-Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй.  Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай
-Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух
-Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух
-Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.
-Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай. Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжинд орж хорогдох нь аюулгүй байдаг аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж