Их аварга ирсэн өдрөө хэлсэн амнаасаа буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Их аварга ирсэн өдрөө хэлсэн амнаасаа буцлаа

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо ирснийг ёслон тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд харамсалтай нь нэгэн таагүй мэдээг уншигчдадаа хүргэх гэж байна.

Мэдээллийн NEWS.mn агентлаг, “Боловсрол суваг” телевизээс санаачлан их аваргыг ирэхээс гурав хоногийн өмнө Асашёорюү санд хандан “Боловсрол суваг” телевизээр энэ сарын 12-ны өдөр буюу өнөөдөр их аваргад хүндэтгэл илэрхийлэх шууд нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх тухай саналаа уламжилсан юм.
Их аваргад хүндэтгэл илэрхийлэн, Монгол эх орны маань өнцөг булан бүрт амьдарч буй ард түмэнтэйгээ уулзуулах зорилготой уг нэвтрүүлэгт Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нарын Монголын шилдэг тамирчид оролцож, их аваргад хүндлэл үзүүлэхээр болсон юм.

Энэ дагуу нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч, “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын дэд тэргүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган Асашёорюү Д.Дагвадоржтой өчигдөр уулзаж, өнөөдөр 14.00 цагаас эхлэх шууд нэвтрүүлэгт оролцохыг албан ёсоор зөвшөөрсөн тул бид ярилцаж, тохиролцсоны дагуу монгол орон даяар нийтлэл, нэвтрүүлгээ хүргэдэг “Боловсрол суваг” телевиз, мэдээллийн NEWS.mn сайтын хамт олон уншигч, үзэгчдэдээ их аварга хийгээд Монголын шилдэг тамирчдын хамтран оролцох нэвтрүүлгийг хүргэхээр бэлтгэл ажлаа ханган, бэлэн болгоод байсан боловч харамсалтай нь, их аварга эх орондоо ирсэн даруйдаа хэлсэн үгнээсээ буцлаа.

Тодруулбал, өнөөдөр өглөө МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар Асашёорюүгийн ах Д.Сэржбүдээтэй ярилцаж, “Их аваргыг хамгийн түрүүнд МҮОНТВ-ийн нэвтрүүлэгт оролцох ёстой. Боловсрол суваг телевизийн нэвтрүүлэгт битгий оруул “ гэсэн яриа тохиролцоо хийсний үндсэн дээр бидний төлөвлөсөн нэвтрүүлгийн цаг эхлэхийн өмнөхөн аваргын ах Д.Сэржбүдээ “Асашёорюү танай нэвтрүүлэгт оролцох боломжгүй” гэсэн тайлбарыг манай талд хандан өгсөн юм. Их аварга ч өөрөө ярьснаасаа буцаж, “Боловсрол суваг” телевизээр түүнтэй уулзахыг хүлээж байсан нийслэл хот, хөдөө орон нутгийн хоёр сая гаруй үзэгч, мөн NEWS.mn сайтаар уг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзэхийг хүлээж байсан эх орондоо болоод хилийн чанадад амьдарч байгаа олон мянган хэрэглэгчийг үл тоомсорлон зөвхөн МҮОНТ-ийн нэвтрүүлэгт орох сонирхолтой болсон тул уг нэвтрүүлгийг хүлээж байсан сая сая үзэгч, хэрэглэгчдээсээ тэдний өмнөөс уучлал хүсч байна.

Их аварга нэвтрүүлгийн найруулга, бүтэцтэй танилцсаны үндсэн дээр зөвшөөрөл өгсөн хэрнээ “Боловсрол суваг”, NEWS.mn сайтын үзэгч, хэрэглэгч, ажилчдыг үл хүндэтгэн хэлсэн амнаасаа буцсан энэ үйл явц нутаг ус, танил талын хэлхээ холбоог ашигласан, олон нийтийн статустай телевизийн сүрээр бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын санаачилга, ажил хэргийг үл тоомсорлон гутаасан, хамгийн гол нь бидний олон мянган хэрэглэгчийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж ойлгож байна.

Мөн уг нэвтрүүлгийг бэлтгэхэд өөрсдийн санаачлагаар хамтран ажилласан болон урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхийн аваргын медальтнууддаа талархал илэрхийлээд Асашёорюүд хүндэтгэл илэрхийлэн, найрсаг халуун дулаан ярилцлага өрнүүлэхээр чин сэтгэлээсээ хандан, нэвтрүүлэг бэлтгэхэд бүхий л бололцоогоороо туслалцаа үзүүлж байсан та бүхэндээ баярласнаа уламжилж байна. Тэдний сайхан сэтгэл, цаг завыг үрснийхээ төлөө их аварга уучлал гуйна гэдэгт найдаж байна.

Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз их аварга Асашёорюүг эх орондоо ирсэнтэй холбогдуулан хоёр өдрийн эфирээ түүний уулзалт, оролцсон арга хэмжээг нь мэдээлэхэд зориулж, бүтэн хоёр өдөр шууд нэвтрүүлэг бэлтгэн ажиллаж, хамт олноороо их аваргад хүндэтгэл илэрхийлэн, хичээж ажилласан болохыг дашрамд дуулгахыг хүслээ.

“Боловсрол суваг” телевиз, мэдээллийн NEWS.mn сайтын хамт олноос.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж