Эрс тэс уур амьсгалтай Монголын хувьд аялал жуучлалын ид оргил цаг нь зургадугаар сараас есдүгээр сар хүртэлх багахан хугацаа. Тэр тусмаа долдугаар сар жуулчдын оргил үе байдаг нь баяр наадам болдогтой холбоотой. Монголын зунаар, нүүдэлчний ахуй, тал нутаг, говь, хангайг үзэхээр жуулчид Монголыг чиглэдэг. Үндэсний өв соёл, өргөн уудам нутаг усаа жуулчдад “тольдуулж”, тэдний халаасыг "сэгсрэхэд" аялал жуулчлалын салбарынхан бэлэн үү. Аль эсвэл нэг сая жуулчин, тэрбум ам.доллар гэсэн төрийнхний "амттай үлгэр"-ийг хүлээсээр, хүлхсээр сууна уу.
Аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд адаглаад л бид тохь тухтай буудал, амттай хоол, нүдийг нь хужирлах үзвэр үйлчилгээтэй байх ёстой. Гэтэл ялаа батгана шавсан жорлон, нар бороонд яажийж муудсан гэр байшин, амт муутай хоол, тохь тухгүй орчинтой амралтын газрууд аялал жуулчлалыг "алж" байна гэхэд дэгсдэхгүй.
Жилийн жилд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авна, цөм баяжина гэсэн дуусдаггүй мөрөөдлөө ярьдаг. Одоо ч энэ мөрөөдөл нь хэвээрээ. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрөгч долоо хоногт “Бид 2020 он гэхэд гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байна. Ийм боломж ч бий. Монгол Улсынхаа талаар таагүй мэдээлэл гаргах болгонд ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар сайхан байгаа гэж хэлж чадахгүй ч ахиц гарч байна. Аялал жуулчлалын бүсүүдэд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байгаа. Гадаадын жуулчдыг хүлээн авахад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд салбар яам, Засгийн газрын 2019-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх заалтын дагуу энэ жил аялал жуулчлалын есөн ажлын байранд орон даяар үнэ төлбөргүй сургалт хийж байна" гэв.
Монголд 2018 онд 529 мянган жуулчин иржээ. Гэхдээ тэд яг жуулчид уу, эсвэл гадаадын ажилчид, хилээр орж гарсан иргэд үү гэдгийг ялгах боломжгүй гэнэ. Тэд Монгол Улсын эдийн засагт 569 сая ам.долларын орлогыг оруулсан аж.
Аялал жуулчлалын салбарт нэг жуулчны оруулсан мөнгө 14 салбарыг дэмждэг гэсэн тооцоо судалгаа бий. Тиймээс зөвхөн уул уурхай гэлгүйгээр аялал жуулчлалаас мөнгө олох бүрэн боломж Монголд уг нь бий. Зөвхөн зун гэлгүйгээр өвлийн спорт, өвлийн наадам зохион байгуулж аялал жуучлалыг татах боломжтой. Даанч, аялал жуучлалыг хөгжүүлэхэд асар их саад болж байгаа нь дэд бүтэц, амралтын газруудын ая тух.
Жуулчдын тооноос харахад нийт жуулчдын 40 гаруй хувь нь зуны улиралд ирдэг. Тэдний олонх нь Монголын хээрээр гэр хийж хэцээр дэр хийж яваад буцдаг аж. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сайжруулж, үргэлж шинэ соргог зүйл санаачилж эрэлхийлэхгүй бол өнөө л хэдэн үзмэр, үйлчилгээ хэвээр байвал жуулчдыг татах бус үргээнэ. Энэ бол төр засгийн гэхээсээ аялал жуулчлалыг компаниудын өөрийнх нь анхаарах ёстой асуудал.
НИСЛЭГИЙН ҮНИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ НЭН ДАРУЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга С.Баясгалантай дэлгэрэнгүй ярилцлаа.
-Ирэх онд нэг сая жуулчин хүлээж авахаар зорилт тавин ажиллаж байна. Тэгэхээр нэг сая жуулчин хүлээн авах бололцоо, хүчин чадал манай улсад бий юу?
-УИХ-аас баталсан Монгол Улсын тогтвортой үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичигт Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн нүүдлийн соёлын аялал жуулчлалын төв болно гэсэн зорилтыг тавьсан. Энэ хүрээнд 2020 он гэхэд манай улсад ирэх жуулчдын тоог нэг саяд, 2030 он гэхэд хоёр сая болгох зорилт тавьсан. Тэгэхээр нэг сая жуулчин авснаар аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт орж буй эдийн засгийн үр өгөөжийг нэг жилд 2.5 их наяд төгрөг хүргэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл 2.5 их наяд буюу 1.1 тэрбум ам долларын эдийн засгийн үр өгөөжийг бий болгоно. Нөгөөтээгүүр энэ хэмжээний жуулчин орж ирснээр ажлын байр нэмэгдэнэ. Одоо байгаа ажлын байраас гадна, 35 мянган ажлын байр бий болгож байна. Шууд бий болгож буй ажлын байрын тоог 70 мянган хүргэд боломж байгаа.
-Жуулчдын тоог нэмэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Визний хөнгөлөлт, нислэгийн асуудлаас болоод манай улсад ирэх жуулчдын тоо тэр бүр дорвитой нэмэгдэж чаддаггүй байх?
-Нэгдүгээрт, бидэнд агаарын тээврийн орцны асуудал хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн 2018 онд 529 мянган гаднын жуулчин ирсэн. Тэдгээрээс 569 сая буюу 1.5 их наяд төгрөг дотоодын эдийн засагт орсон. Өнгөрсөн жил Монгол Улсын уул уурхайн экспорт 600 орчим сая ам доллар байсан. Тэгэхээр аялал жуулчлалын салбар дангаараа уул уурхайн экспорттой тэнцэж байгаа гэсэн үг юм. Энэ жил аялал жуулчлалын байгууллагад 700 гаруй сая ам долларт хүрнэ гэсэн тооцоо бий. Дээрээс нь манай улсад ирсэн жуулчид кашмир, арьсан бүтээгдэхүүн худалдан авч байна. Тэгэхээр экспорт хийж байгаа бүтээгдэхүүнийг бид газар дээрээс нь экспорт хийчихдэг боломж бүрдэж байна. Аялал жуулчлалын салбар бусад салбарын гарцыг хамгийн их нэмэгдүүлдэг. Үүнд нэгдүгээрт агаарын тээврийн зорчигч урсгалын асуудал тулгамдаж байдаг. 2018 онд манай олон улсын агаарын тээврийн зорчигч урсгалын даац нэг сая орчим байсан. Тэдгээрийг аваад үзэхэд 500 орчим мянган хүн зорчсон байна. Түүний 240 мянга орчим нь Монголчууд, 260 мянга орчим нь гаднын иргэд байсан.
Бид гаднын иргэдийг ирүүлэх орцоо нэмэгдүүлэхгүйгээр жуулчдын тоог нэмэгдүүлье гэж ярих нь утгагүй. Одоогоор зуны нислэгийн суудал дүүрчихсэн өндөр үнэтэй байгаа. Бид олон улсын зорчигч тээврийг нэмэгдүүлэх нислэгийн чиглэлүүдийг нэмэгдүүлэх, нислэгийн тизний үнийг бууруулах асуудлыг судалж байна. Нислэгийн чиглэл, давтамж нэмэгдэх тусам үнэ буурна. Нөгөөтээгүүр олон улсын зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн тизийг яаж бууруулсан гадны жишгээс харахад тухайн улсын төрөөс нь нислэгүүдэд татаас өгдөг. Ийм байдлаар бие биенийгээ дэмжсэн систем манайд мөн ялгаагзүй явах ёстой. Гэхдээ энэ оны хувьд долдугаар сарын нэгнээс "Асиан эйр" нисэх гэж байна. Дээрээс нь Казахстаны авиа компани нислэг үйлдэж эхэлсэн. МИАТ бол нислэгийн тоогоо нэмж зарим өдөр хоёр удаа нисч байгаа. "Туркиш айрланес", "Хүннү эйр" хэд хэдэн чиглэл нэмж, "Эзнис эйр" дахиад Хонконг руу нислэг нэмчхэж байгаа. Тэгэхээр үүнийг тооцоод үзэхээр бид зорчигч урсгалынхаа 34 хувийг нэмэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл жуулчдын тоог 30 орчим хувиар нэмэх нөхцөл бүрдэж байна.
Хоёрдугаарт, олон улсад нээлттэй байдал гэдэг үзүүлэлт байдаг. Энэ бол дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан олон улсад нээлттэй байдал буюу аялал жуулчлалын өрсөлдөх чадварын нэг үзүүлэлт юм. Бид энэ үзүүлэлтээр дэлхийн 136 орноос 125-т үнэлэгдэж байна. Энэ үзүүлэлт бол визтэй хамаатай. Монгол Улсын иргэд 2018 онд давтагдсан тоогоор 2.4 сая хүн аялсан байгаа юм. Визний хөнгөлөлтгүй байна гэдэг нь тухайн улсад жуулчид ирэхгүй байх маш том үзүүлэлт.
-Зөвхөн агаарын тээвэр гэлтгүй дотоодын хилийн боомтуудаар жуулчид орж ирдэг шүү дээ. Тэгэхээр манайд салбар хоорондын уялдаа холбоо чухал байх?
-Бидэнтэй адил далайд гарцгүй Казакстан, Киргиз улсууд гэхэд 60-аад улс оронд хилийн боомтод виз олгодог болчихсон. Монгол улсад 2019 оны байдлаар 20 гаруй улс визгүй зорчиж байна. Түүнд нь аялал жуулчлалын голлох зах зээл таваас зургаан орон багтаж байна. Тэгэхээр бид жуулчдыг авчирья гээд байгаа боловч нөгөө талаараа бусад салбарууд хаалттай байгаа. Өөрөөр хэлбэл жуулчдыг ир гэж урьчихаад хаалгаа хаагаад зогсоод байгаатай утга нэг шүү дээ. Бид 2020 он гэхэл жуулчдын тоогоо 34 хувиар өсгөхөд нэг сая гэсэн тоондоо хүрэх боломжтой байгаа. Гол нь бодлогын хэд хэдэн зохицуулалт шаардлагатай.
-Нэг сая жуулчинг хүлээн авах хүчин чадал байгаа боловч зарим талаар дэд бүтцийн асуудлаас болж жуулчдын тоо буурдаг гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, ариун цэврийн байгууламж, орон нутгийн замууд тэр бүр шаардлага хангадаггүй тухай асуудал яригддаг. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Аялал жуулчлалын ид улирал бол тавдугаар сараас 10 сар хүртэл байна. Энэ хугацаанд ихэнх жуулчид жуулчны баазаар дамжин явдаг. Монгол Улс нэг өдөрт 72 мянган жуулчин хүлээн авах ор хоногийн даацтай. Гэхдээ бид таван сарын хугацаанд биш жилийн дөрвөн улирал жуулчин авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хоёрдугаарт, ариун цэврийн байгууллагууд бид тодорхой хэмжээгээр стандартаа сайжруулж байгаа. Тусгай хамгаалалттай газруудад 2019 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар нүхэн жорлонг хориглосон. Энэ тушаалын хэрэгжилт 98 хувьтай байна. ААН –үүд бусад нутгуудаар ариун цэврийн асуудал харьцангуй сайжирсан. Нөгөөтээгүүр зам дагуу ариун цэврийн буюу зорчигч үйлчилгээний ариун цэврийн асуудал хүндрэлтэй байдаг. Манай яамны хувьд Элсэн тасархайд ариун цэврийн байгууламж байгуулсан. Энэ онд Булган аймгийн Төлүүгийн даваа, Богдхан уулын авто зогсоолд ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөсөн. Дээрээс нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн газруудыг барих ажил шат дараатайгаар явж байна. Үүнээс гадна бид жуулчлалын зорчдог төв зам дагуу 200-250 км зайд үйлчилгээний цогцолбор бий болгохоор ТЭЗҮ-гээ боловсруулаад Худалдаа аж ахуйн танхимтай хамтран ажиллаж байна.
-Долдугаар сар бол жуулчдыг татах хамгийн чухал сар шүү дээ. Наадмаар жуулчдад зориулж ямар арга хэмжээ төлөвлөсөн байна вэ. Энэ жил танай яамнаас “Naadam night” арга хэмжээг зохион байгуулж байгаа гэсэн?
Үндэсний их баяр наадам бол Монгол Улсыг бусад орнуудад танилцуулсан хамгийн том мониторинг арга хэмжээ. Зөвхөн долдугаар сард 100 орчим мянган жуулчин ирдэг. Үүнээс дотоодын эдийн засагт 140 сая ам доллар зөвхөн долдугаар сард ордог. Улаанбаатар хотын хувьд жуулчин хамгийн ихээр татдаг арга хэмжээ бол наадам. Бид энэ жилээс эхлэн жуулчдад зориулсан наадам ҮСАХ-д зохион байгуулна. Уг наадам нь 21.00 цагаас эхлэх бөгөөд эхний хэсэгт баяр наадмын арга хэмжээ, амьд хөгжмийн тоглолт, шоу үзүүлбэрүүд багтсан. Хамгийн гол нь жуулчид тэнд зургаа авахуулах, үндэсний шагай харваа тоглоом наадгайд биеэрээ оролцох боломжтой.
Монгол Улс жуулчид аялахад тохиромжтой улс орны нэг. Тэр дундаа терроризм байгалийн гамшиг багатай улс орон учраас үүнийг дагаад жуулчид биднийг зорих дуртай байдаг.
Жуулчдын аюулгүй байдлыг хангах асуудал манайд дутагдалтай санагддаг. Өөрөөр хэлбэл хулгайд эд зүйлээ алдаа гэхэд тэд хаана хандах аа мэдэхгүй шүү дээ. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Монгол Улсад ирж буй жуулчдын 50 орчим хувь нь аялал жуулчлалын компаниар ирдэг. Жуулчдын аюулгүй байдлыг тухайн компани ирсэн цагаас нь хойш хариуцаад явдаг. Үлдсэн нь бие даасан аялагчид байдаг. Эдгээр аялагчдын хувьд мэдээ мэдээллийг нэгдсэн сангаас мэдээлэл авах боломж хомсхон. Жишээлбэл хулгайд юм аа алдлаа гэхэд хаана хандахаа мэдэхгүй асуудал үүсдэг. Үүнийг шийдвэрлэхээр жуулчдад ирэх долоо хоногоос турист пасспортыг хилийн боомтуудаар тарааж эхэлнэ. Энэ пасспортыг авснаар тухайн жуулчин хилээр орж ирсэн цагаас гарын авлага байдлаар ашиглах зорилгоор бүх мэдээ мэдээллүүдийг багтаасан.
Хоёрдугаарт, жуулчид Улаанбаатар хотоос мэдээлэл авахад харьцангуй өргөн боломжтой ч хилийн боомтуудаар орж ирж буй жуулчид тэр байдал дутмаг байдаг. Иймээс БОАЖЯ-аас худалдан авах ажиллагаа зохион байгуулан хилийн 23 боомтод жуулчдад зориулсан дэлгэц байрлуулахаар ажиллаж байна. Ингэснээр бүх шаардлагатай мэдээ, мэдээллийг тухайн жуулчин хилийн боомтоор үзэх боломжийг бүрдүүлж байна.
-Монголын талаар таагүй мэдээлэл гарах бүрт жуулчдын тоо буурдаг гэдэг. Хамгийн сүүлийн жишээ бол тарваган тахлаас болж олон жуулчин манай улсаас үргэсэн байх гэж би хувьдаа дүгнэдэг. Үүнд хариулт өгөхгүй юу?
-Тарваган тахлын тухай мэдээлэл дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй явсан. Дотоодын хэвлэлд тавигдсан мэдээллээс олон улсын хэвлэлүүд эх авч цааш цацахдаа жуулчин нас барсан хэмээн бичсэн байсан. Үүний улмаас жуулчны байгууллагуудтай гэрээ хийсэн цөөнгүй газрууд цуцлагдсан. Тэгэхээр энэ мэдээлэл жуулчдын тоо буурахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Хамгийн гол нь ирж буй жуулчдын 50 хувь нь цахим орчноос мэдээлэл авч аялах эсэх шийдвэрээ гаргадаг учраас цаагуураа эрсдэл үүсгэж байдаг.
Холбоотой мэдээ