Д.Сүхбаатар: Төрөөсөө шагнал горьдож суусангүй

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатар: Төрөөсөө шагнал горьдож суусангүй

Төв талбайд цугларсан олон дунд гүн хөх өнгийн дээлээр гоёж, энгэртээ Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээ гялалзуулсаар жүжигчин Д.Сүхбаатар гуай таягаа тулан алхаж яваа харагдана. Урлаг соёлын салбарт 42 жил зүтгэсэн тэрбээр олон кинонд тоглоогүй ч туслах дүрийг гол дүрийн хэмжээнд аваачдаг цөөн уран бүтээлчийн нэг билээ.

Түүнийг монголын ард түмэн “Ацаг шүдний зөрөө” киноны Намжилын дүрээр нь андахгүй. Ингээд Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан түүнийг элдэв асуултаар “уяхгүй”-г хичээж, баярт мөчөөс хуваалцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Та сайхан зусч байна уу?

-Сайхан хүү минь. Сайхан зусч байна уу. Мэдээллийн News.mn сайтын уншигчдадаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

Үндэсний их баяр наадмынхаа өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Монголын ард түмэн таныг энэ цол тэмдгээр шагнуулаасай гэж их хүссэн байх?

-За баярлалаа. Сэтгэгдэл их өндөр байна. Өнөөдөр /2019.07.08/ төрийнхөө хайр хишгийг хүртэж, төрдөө “үнсүүллээ”. Юуны өмнө төрийн сүлдэндээ, түмэн олон монголчууддаа, тэнгэрийн оронд заларч буй аав, ээждээ сөгдөн мөргөе. Мөн миний төрөлх театр болох Дархан хотын “Залуучууд” театрын үе үеийн уран бүтээлчид, Улсын хүүхэлдэйн театрын хамт олонд, одоо амьд сэрүүн амьдарч байгаа ба бидний дунд байхгүй анд нөхдөө дурсая.

Монголын кино нэгтгэлийн үе үеийн уран бүтээлчид, багш нартаа, сайхан ханьдаа, үр хүүхэддээ, төрөл төрөгсөддөө энэ баярт өдрийн мэндийг хүргэе. Миний элэг нэгт монгол ах, дүү нар минь бид чинь эвтэй байхдаа хүчтэй байдаг. Эв эвдэрсэн үедээ өрөөл бусдын идэш болдог. Тэгэхээр энэ сайхан өдөр та бүхэндээ хандан эв эеэ хичээж, эрүүл энх аз жаргалтай, сайн сайхан амьдраарай гэж хүсээд, дэнж хотойтол сайхан наадаарай гэж ерөөе. Та бүхэндээ баярлалаа.

-Та Монгол Улсын гавьяат жүжигчин болно гэдгээ хэзээ сонссон бэ?

-Одоогоос хоёр хоногийн өмнө байна уу даа Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу ярилаа. Би санаандгүй байхдаа л мэдсэн дээ. Нөхөд маань “Чи энэ жилээс нэг юм дуулах байх” гээд л манай Ардын жүжигчин Г.Мягмарнаран, орчуулгын киноны жүжиг ангийн хамгийн ойрын анд нөхөд маань дор бүрнээ л сайхан ерөөлийг хэлж байсан.

Харин би дотроо бас нэг итгэлгүй “За даа юу л бол” гэсэн маягтай нэг их хүлээж, найдаагүй. Ер нь би угаасаа жаахан “хөлдүү” талдаа хүн л дээ. Тэгээд хэнэггүй сууж байсан чинь Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярихаар нь бас л амьсгаа дээрдэж байна лээ.

Гэхдээ даралт ихэстлээ тэгж их догдолсонгүй ээ. /инээв/ Маш их баярласан. Тэгээд  хажууд байсан ханьдаа, үр хүүхдүүддээ дуулгасан.

-Та ингэхэд хэдэн хүүхэдтэй хүн бэ. Манай уншигчдэд гэр бүлээ танилцуулж болох уу?

-Би чинь зургаан охин, ганц хүүтэй өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн, өвөө юм. Миний хүүхдүүдийн зарим нь гадаадад ажиллаж, амьдарч байна. Монголдоо хэд нь байна. Хүү маань АНУ-д гэр бүлээрээ амьдарч байна. Нэг охин маань Швед улсад амьдардаг. Саяхан манай гурав дахь охины маань охин ээж болж, би чинь зээнцэрээ харчихсан их азтай өвгөн шүү дээ.

-Хамгийн сүүлд ахмад дөрвөн уран бүтээлчтэйгээ хамтран “Долдугаар тусгай тасаг” кинонд тоглосон. Өөр дэлгэцийн бүтээлд тоглох урилга хүлээн авсан уу?

-Одоохондоо дэлгэцийн бүтээлд тоглох урилга хүлээж аваагүй байна. Гэхдээ киноны уран бүтээлч хүүхдүүд маань намайг ирээд аваад явдаг юм. Би жаахан хөл, нурууны асуудалтай учраас хурдан хөдөлгөөнтэй, морь малтай ноцолдох ч байдаг юм уу, хол зураг авалтад явж чадахгүй. Бусдаар бол кино уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллачихна.

Би ирэх есдүгээр сараас хамгийн сүүлд тоглосон “Долдугаар тусгай тасаг” уран сайхны киноны ажлаар Дархан хот руу явна. Дархан хотод энэ киноныхоо хоёр дахь нээлтийг хийх юм. Би чинь Дархан хотын “Залуучууд” театрын уугуул жүжигчин хүн шүү дээ.

-Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Та энэ жил хаагуур наадамлах гэж байна вэ?

-Би наадмаар Налайхад л баярлана даа. Миний аавын нутаг бол Архангай аймгийн Булган сум. Архангайд аймагт ах дүү нар бараг байхгүй дээ. Ээжийн маань төрсөн нутаг Хөвсгөл аймаг л даа. Миний нагац талын үеэлүүд Хөвсгөлд амьдардаг. Ээжийнхээ төрсөн нутаг руу ирэх намар явах санаа байна.

-Гавьяатын  дээл тань их сайхан харагдаж байна. Төрийн ордонд орж, Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авч, энгэрээ цоолуулна гэдэг мэдээж сайхан бэлгэшээл байх?

-Энэ их учиртай сайхан дээл. Энэ дээл маань надад зохиж байна уу?

-Маш сайхан харагдаж байна. Гавьяатын тэмдэг нь гялалзаад л…

-За баярлалаа. Энэ дээлээ өнгөрсөн өвөл цагаан сарын баяраар өмсөх гэж “Түмэн торго” гэдэг компанид захиалж, хийлгэсэн. Тэр компанийн уран гартай оёдолчид надад их анхаарал тавьж, дээлний өнгийг сонгож өгсөн. Уран гартай оёдолчдодоо баярлалаа. Би цагаан сарынхаа дээлийг Төрийн ордондоо өмсч, орж төрийнхөө хайр хишгийг энгэртээ зүүлээ. Үнэхээр баяртай байна.

Зарим хүмүүс таныг “Монгол Улсын гавьяат цол тэмдгээр хожуу шагнаж байна” гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-За яахав. Зарим хүмүүс маань надаас “Та чинь Монгол Улсын гавьяат жүжигчин биз дээ. Яагаад өдий хүртэл гавьяа шагнал аваагүй юм бэ” гэж асуудаг байсан.

Тэгэхэд нь би “Цагийн юм цагтаа сайхан. Төрийн мэлмий гэж бий. Төр нэг өдөр харах байх. Тэр болтол амьд байж байвал миний аз. Буцаад явчихбал тэр л биз” гэдэг байлаа.

Гавьяа шагнал гэдэг чинь өөрөө харьцангуй ойлголт л доо. Би уран бүтээлч хүн учраас дуртай ажлаа хийгээд, цалин авч хангалуун сайхан амьдарч, үр хүүхдээ өсгөж яваа. Тиймээс учиргүй төрөөсөө гавьяа шагнал горьдоод байхыг хүсээгүй. Тэр ч утгаараа би тэгж их горьдож хүлээсэнгүй

-Таныг “Ацаг шүдний зөрөө” киноны Намжилын дүрээр монголын ард түмэн андахгүй. Ер нь тэр цагаас хойш одоог хүртэл дэлгэцийн болоод тайзны хэчнээн уран бүтээлд тоглосон байдаг юм бол?

-Ер нь би тэр тухай бодож байсангүй ээ. Би нэг тийм замбараагүй, чамд түрүүн хэлсэн дээ. Нэлээд “хөлдүү” талдаа хүн гэж. Өөрийнхөө тоглож байсан уран сайхны кино, театрын бүтээлийн судалгааг хийж, тоолсон юм байхгүй. Харин ямар ч дүрд тоглосон бай  “Монгол хүн малынхаа ясын цайтал мөлждөг” гэдэгчлэн өөрийнхөө хэр хэмжээнд дүрээ “мөлжиж” сайн ажиллахыг хичээдэг. Уг нь өнгөрсөн жилүүдэд тоглож байсан бүтээлүүдээ тоолбол нэг дүн гарах л байсан байх. Энэ бол миний буруу. /инээв/

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж