“Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцаж,түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно”. Энэ үгийг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх үеэрээ онцолсон юм. Үүгээрээ эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр эргэлт буцалтгүй шийдсэнээ зарлалаа. Үнэхээр ч МАН-д түүхэн үүрэг, даалгавар өгөгдсөн. Тиймээс Г.Занданшатарын парламент түүх бүтээж чадах уу эсвэл? Энэ асуултыг тавихын учир нь УИХ-аар ид хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцээд илэрч гарч буй акциуд. Өөрөөр хэлбэл, гурван парламент дамжин яригдаж байгаа Монголын улс төрийн 10 жилийн уншлага болсон, хямрал, хэрүүлийн хар овоохой гэгдэж буй Үндсэн хуулийг өнөөдөр батлаж, явах замаа тодорхой болгохын тулд МАН-ынхан адгаж, эсрэгээрээ АН-ынхан эсэргүүцэж байна. Дээр нь Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намынханд хандаж "Яараад, яах вэ" гэдгийг ч сануулж буй.
Ардчилсан намын акц хоёр талтай. Учир нь, Үндсэн хууль өөрчлөгдсөн тохиолдолд автор нь МАН байх болно. Хувь заяаны тохиол ч юм уу, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ардчилсан нам санаачлах төслийг нь боловсруулдаг ч Ардын намын үед батлагддаг. Энэ удаад ч Ардчилсан намын "цутгасан хундаам" дээр Ардын намынхан "байшин" барихаар болж буйд Ардчилсан намынхан реакцилж байгаа нь худлаа биш. Хундаам цутгасан нь биш байшин барьсан нь "барилгачин" нэрийг авна шүү дээ. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намаас тавьж байгаа шаардлага зөв. Төрийг арилжаалсан, төсвийг хулгайлан идсэн МАН-ын олонхийн хувьд ёс зүй хийгээд чадамж байгаа эсэхийг нь асууж, лавлах нь зүйн хэрэг. АН-ын дарга С.Эрдэнэ энэ тухай “МАН-ын бүлэг Үндсэн хуульд гар хүрэх эрхзүйн чадамж, ёс зүйтэй гэдгээ харуулах алхмаа хийж, ард түмэнд итгэл үнэмшилээ бий болгосныхоо араа нь “эцэг” хуулийг өөрчлөх асуудлыг ярих ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэд ямар ч бодит мэдээлэлгүй байна” гэх шүүмжлэлийг ажлын хэсэг анхааралдаа авах биз.
Гэхдээ хэдий 60 тэрбум, ЖДҮчид гэх хоёр хочтой болцгоосон ч МАН 64 кноп сонгогчдоос авсны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх ард түмний мандаттай гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх үүрэг даалгавар болоод мандатыг нь УИХ-ын 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д өгсөн. Тиймээс Ардчилсан намын акц нэг их хол явахгүй болов уу. Долоон хүнтэй зөвлөлд биш 64 кноптой бүлэгт Үндсэн хуулийг өөрчлөх Үндсэн хуулийн эрх байгаа учраас.
Хамгийн гол нь МАН-ын оруулж ирсэн төсөл "нуухыг нь авах уу, эсвэл нүдийг нь сохлох уу" гэдэг асуулт. Үндсэн хууль бол монгол хүний амьд явах эрхийн баталгаа учраас. Гэхдээ харамсалтай нь, энэ сэдэв олон нийтийн анхаарлыг тэгтлээ татахгүй байгаа гэх С.Эрдэнэ даргын үг үнэн. Элдэв янзын хэрүүл шуугианд шуугиад явчихдаг атал амьд явах эрхийг нь хамгаалж байдаг Үндсэн хуулийг өөрчлөлтийг "гөлөөг" ч гэж тоохгүй байгаа нь ард иргэдийн боловсрол, мэдээлэл, мэдлэгтэй холбохоос өөр аргагүй. Уг нь иргэдийн хувьд энэ сэдэв хамгийн анхаарал хандуулах асуудал байх ёстой юм.
МАН-ын өргөн барьсан төслийн гол өөрчлөлт нь супер Ерөнхий сайдыг төрүүлж, цоо шинэ биш сонгодог парламентын замаар Монгол Улс алхах тухай юм. Засаглалын эрх мэдэл нь гурван тийшээ салаалсан, дээр нь 76 сайд, давхар дээлтүүдээр дүүрсэн, цус хэт ойртсон улс төрийн тогтолцоог өөрчлөх нь үнэндээ нийгмийн захиалга болоод удаж байгаа. Энэхүү нийгмийн захиалгыг өнөөдөр хангаж чадахгүй бол дахиад олон жил улс төрийн хэрүүл зодоон, талцал хуваагдлаасаа салж чадахгүй.
Мэдээж, хуульчид, улстөрчид, улс төрийн намын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт маш чухал байгаа. МАН-ын эрх баригчид эрх мэдлийн хүндийн хуваарилалтыг хэнд өгч, хэнийхийг хасч байгаа вэ гэдэгт зарим нэг улстөрчид реакцитай хандаж, дээр доороос янз бүрийн лобби ажиллагаа явагдах нь гарцаагүй. Адаглаад л УИХ-ын гишүүдийн төсвийн хуваарилалтад оролцдог, тойрог нэрийн дор мөнгөө хувааж иддэг явдал нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байхгүй болох учраас Ц.Даваасүрэнгээс эхлээд намынхаа болдогыг сөрөх хүмүүс МАН-д ч бий. Юутай ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн өнөөдөр л эрх баригчдын зориг эс хүрвэл ухаан ч эс хүрнэ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт дээр нягт нямбай хандаж, ямар нэгэн цоорхой үлдээхгүйгээр хийж чадвал МАН-ын түүхэнд үлдэх гавъяа нь болно. Г.Занданшатар түүхэнд үлдэх нэртэй болно. Харин дордохын долоо шиг нүдийг сохолчихвол МАН-ын нэр мөн л түүхэнд хараар зурагдах болно. Г.Занданшатарын нэр ч ялгаагүй. Үндсэн хууль нь хүссэн үедээ гарч дүрж, хүссэн үедээ өөрчилдөг хууль биш. Өнөөдөр өөрчилж чадвал дор хаяж найман жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярихгүй гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээр МАН түүхэнд сайнаар үлдэх үү, саараар үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулна. Тиймээс МАН маш том хүнд хэрнээ, хариуцлагатай ачаа үүрсэн. Энэ удаагийн өөрчлөлтөөр улс төрчдийн харицулагагүй байдал улмаар үүнээсээ бултдаг, Үндсэн хуулиар олгогдоогүй эрх мэдэл рүү гар дүрж ордог асуудлыг цэгцэлж чадвал тэр цагт МАН-ын автор бүхий Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүн гарах болно.
Холбоотой мэдээ