Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зургадугаар сарын 26-ны өдөр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Өнгөрөгч долоо хоногт түдгэлдзүүлсэн шүүгчид болох Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг нэг сарын хугацаатайгаар цагдан хориод байсан юм. Тэгвэл цагдан хоригдож буй дээрх шүүгчдийг өнөөдрөөс батлан даалтад гаргаж, хилийн хориг тогтоожээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар тэдний өмгөөлөгчдөөс гаргасан гомдлыг 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Хэргийг сануулахад, тус дүүргийн шүүхээс Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллагдагчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлахаар хийсэн үйлдэл байгааг нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй буюу дээрх хуулийн зүйл заалтыг нотолсон үндэслэл бүхий баримт мэдээлэл, нотлох баримт зэргийн мөрдөгч болон прокуророос шүүхэд гаргаж өгөөгүй аж.
Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2019 оны долдугаар сарын 4-ний өдрийн 239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Тиймээс прокуророос яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч яллагдагчдыг өнөөдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм байна.
Холбоотой мэдээ