Бөхчүүдийг босгоход хүргэсэн "допинг"-той бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Бөхчүүдийг босгоход хүргэсэн "допинг"-той бөхчүүд

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнөхөн бөхчүүдийн дуулиан тасарсангүй. Урд өмнө нь ийм асуудал үүсч байгаагүй нь допингийн асуудалтай холбоотой юм. Допинг хэрэглэснээс болж барилдах эрхээ хоёр жил хасуулсан бөхчүүдийг хугацаанаас өмнө барилдуулах шийдвэрийг шүүхээс гаргасныг Ч.Санжаадамба аваргаас эхлээд олон бөх эсэргүүцэж, допингтой бөхчүүдтэй барилдахгүй гэдгээ ил тод зарласан. Тиймээс баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хороо өнгөрөгч Бямба гаригт хуралдаж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг энэ жилийн наадамд барилдуулахгүй байх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жилийн баяр наадмаар тав давсан бөхчүүд дундаас Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабишир, Улсын начин Ц.Бямба-Очир нараас хориотой бодис илэрсэн. Мөн Допингийн эсрэг Үндэсний төвөөс авсан шинжилгээгээр Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой бодис илэрсэн юм. Эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан ч тэд наадмын бус үеийн допингийн шинжилгээнд хамруулсан нь хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан үйлдэл гэж үзээд шүүхэд хандаад байсан билээ. Гэхдээ Бөхийн салбар хорооноос шийдвэрээ гаргаж, дээрх бөхчүүдийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн саналд нэгджээ.

БАРИЛДАХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН БӨХЧҮҮД: 

Нямдоржийн Ганбаатар

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн Улсын гарьд цолтой тэрбээр энэ жил 37 нас хүрч байна.

Н.Ганбаатарт 2007 онд улсын наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн бол дараа жил нь найм давж Улсын гарьд цолонд хүрсэн.

Тэрбээр 2018 оны улсын наадамд тав даван шөвгөрч допингийн шинжилгээнд бүдэрсэний дараа баяр наадам эхлэхээс зургаан сарын өмнө бэртсэн өвдгөндөө хятад эм тариа хийлгэснээс болж ийм асуудал гарсан болохоос цол ахиулахын төлөө хууль бус арга хэрэглэх ямар ч шаардлага байгаагүй гэсэн билээ.

Алтанбаганы Цацабшир

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн Улсын харцага А.Цацабшир энэ жил 36 нас хүрч байна. Түүний хувьд 2007 онд улсын наадамд тав давж, Улсын начин цолонд хүрсэн. Улмаар 2013, 2017 онуудад тав давж, өсөх идэр чимэг нэмжээ. 2018 оны улсын наадамд тав давсан ч допингийн шинжилгээнд бүдэрсэн юм. Өнгөрсөн жилийн барилдаанд түүнтэй улсын цолны төлөө барилдсан Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Э.Тулга, Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Суманчулуун нар гурав, дөрвийн даваанд таарч байжээ. Эдгээр бөхчүүд Улсын цолны төлөө барилдсан ч мөн хохирсон бөхчүүдийн нэг болж үлдсэн.

Улсын начин Ц.Бямба-Очир

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Хантайшир” дэвжээний бөх, Улсын начин Ц.Бямба-Очир энэ жил 34 нас хүрч байна.

2009 онд Дорноговь аймгийн наадамд тав давж, аймгийн начин цол хүртсэн түүний хувьд 2015-2017 онд Налайх дүүргийн наадамд долоон давж, аймгийн арслан, аймгийн хурц арслан цолонд хүрчээ.

Ц.Бямба-Очир 2018 оны улсын наадамд улсын арслан Э.Оюунболдоор тав давж, Улсын начин цол хүртсэн ч барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байна. Түүнд унасан Улсын арслан Э.Оюунболдод чимэг нөхөж олгох эсэх нь тодорхойгүй байна.

Налайх дүүргийн бөх гэж дуудуулах болсон Ц.Бямба-Очир шинэ цолны эзэн болсон ч допингтой бөхийн нэг болж, барилдах эрхээ хасуулаад байна.

Допингийн эсрэг Үндэсний төвөөс авсан шинжилгээгээр Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой бодис илэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байна. Эдгээр бөхчүүд өнгөрсөн жилийн наадмын барилдааныг өнжсөн ч энэ жил дахин өнжихөөр боллоо.

Улсын гарьд Ө.Бат-Орших

Увс аймгийн Улаангом сумын уугуул Ө.Бат-Орших 2006 онд Аймгийн арслан цолыг хүртжээ. 2009 онд улсын наадамд зургаа давж, Улсын харцага цолонд хүрч 2012 онд харцага цолоо баталсан байна. Тэрбээр 2017 оны улсын наадамд улсын харцага Н.Түвшинбаяраар найм давж, Улсын гарьд цолыг хүртсэн. Барилдааны бус үеийн допингийн шинжилгээнд хамрагдаж, хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан юм.

Энэ жилийн наадмын өмнөх сорилго барилдааны үеэр гарсан Бөхийн холбооны шийдвэрийн дагуу тэрбээр барилдах эрхтэй болсон аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч барилдаж чадаагүй юм. Энэхүү маргааны улмаас Бөхийн холбооны Тэргүүлэгч нар шийдвэрээ цуцалсан.

Улсын заан Б.Пүрэвсайхан

Энэ жилийн наадамд барилдах эрхшгүй болсон бөхчүүдийн нэг болчхоод байгаа. Барилдааны бус үеийн допингийн шинжилгээнд хамрагдаж, хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан юм. Хүний эрх зөрчигдсөн гэж тэрбээр шүүхэд хандсан. Шүүхээс түүний барилдах эрхийг сэргээсэн ч бөхчүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан. Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью прогресс” групп, “Сүлд” спорт хорооны бөх. Өдгөө 31 настай. улсын харцага Ц.Содномдоржоор  долоо давж заан цол хүртсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж