Шинэ нисэх буудлын менежментийн концессыг “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Шинэ нисэх буудлын менежментийн концессыг “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүллээ

Шинэ нисэх буудлын менежментийн концессыг “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлэх ёслол энэ сарын 05-ны өдөр боллоо. Концессын гэрээнд нэг талаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл оролцож үзэглэлээ.

Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлснээр Азидаа нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент/НОУ-ХАУ/, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх, нислэгийн урсгал, зорчигчдыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. 53726 м2 талбай бүхий тус нисэх буудал нь жилдээ гурван сая орчим зорчигч хүлээн авч, 22000 агаарын хөлөг үйлчилгээнд явуулах хүчин чадалтайгаас гадна шинэ нисэх буудал ашиглалтад орсноор цаг агаараас шалтгаалсан нислэг саатал эрс багасна.

Гэрээг үзэглэх ёслолын үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Монгол улсын Засгийн газар төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогодоо агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн тэргүүлэгч чиглэл болгон тусгасан. Өнгөрсөн онд Монгол улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр энэхүү нисэх онгоцны төслийн менежментийн гэрээг шуурхай байгуулах асуудалд манай Засгийн газар онцгой анхаарч ажиллалаа. Улмаар төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх менежментийн концессын гэрээг байгуулж буй нь манай иргэний агаарын тээврийн боловсон хүчний хөгжлийг дэмжих, Япон улсын шинэ технологи, туршлага, үйлчилгээний жишгийг Монгол Улсад нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна Монгол, Японы талуудын харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болж байгаад миний бие баяртай байна” гэлээ.

Мөн энэ өдөр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн EA-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгөөр Ч.Нямсайхан даргатай нисэх бүрэлдэхүүн амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус нислэгээр уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ойртолтын журмуудыг шалгасан байна. “МИАТ” ТӨХК тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг батлах нислэгээр шалгаж холбогдох дүгнэлтийг ИНЕГ-т хүргүүлэх юм. Шалгалтын нислэгийн бэлтгэл ажлыг хангахад ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтэс, Шинэ нисэх буудлын Агаарын навигацын үйлчилгээний Ажлын хэсэг болон бусад холбогдох нэгжүүдтэй хамтран ажилласан байна.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж