Монгол-Солонгос Улсын хооронд ахан дүүгийн барилдлага тогтоосны 800 жилийн ойд зориулан “Монгол Солонгосын харилцааны түүх ба Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС болон ОУУБИС хамтран 2019 оны 7 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Солонгос хоёр улс өнө эртний түүхэн харилцаатай бөгөөд тэр дундаа XIII-XIV зуунд илүү ойр дотно харилцаж, төрийн хэмжээнд ураг барилдан ная гаруй жилийн туршид садан төрлийн хэлхээ холбоо тогтоож байсан юм. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хурал манай хоёр орны эрдэмтэн судлаачид түүх, археологи, хэл шинжлэл зэрэг олон талаас судлан шинжилж, өөр өөрсдийн өнцгөөс үзэл бодлоо дэвшүүлэн хэлэлцүүлж хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон юм.
Хурлын үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ ” МУИС-ийн удирдлагын зүгээс энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах урилгыг баяртай хүлээн авч, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтэс, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхим, солонгос судлалын салбарын эрдэмтэн багш нар энэ хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцлоо. Монгол улсын ууган их сургууль болох МУИС нь судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд салбар дундын судалгаа шинжилгээний ажлыг ямагт дэмжин сайшааж ирсний зэрэгцээ цаашид ч хөрш зэргэлдээ улс орнуудтай найрамдалт харилцаагаа улам бэхжүүлэн, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт өргөжүүлэн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй” байгаагаа илэрхийлэн хурлыг санаачилсан БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Жөн Жэ нам болон оролцогч бүх хүмүүст талархал дэвшүүлж хурлын цаг мөч бүрийг харилцан ойлголцох, хамтран ажиллах, эвлэн нэгдэх уур амьсгалд өнгөрүүлэхийг хүсэв.
Манай улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжиж, нийгэм, эдийн засаг, соёлын маш олон хүнд сорилттой тулж байсан тэр хүнд цагт Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоон, улмаар 1991 онд МУИС-ийн ОУХДС-д Солонгос судлалын тэнхим байгуулсан явдал манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаанд чухал алхам болсон юм. МУИС-д Солонгос хэлний тэнхим байгуулагдсан цагаас БНСУ-ын Солонгос сан болон Зүүн Хойд Азийн Түүхийн сан зэрэг олон сан, их дээд сургууль, байгууллага, хувь хүмүүсийн тусламж дэмжлэгийн үр дүнд өдгөө тус салбар Монголын Солонгос судлалын гол төв болон бэхэжсэн билээ.
Холбоотой мэдээ