Б.Эрдэнэхүү Улсын начин болж, цол тэмдгээ гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэхүү Улсын начин болж, цол тэмдгээ гардан авлаа

Б.Эрдэнэхүү Улсын начин болж, цол тэмдгээ гардан авлаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр/2019.07.08/ Б.Эрдэнэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин болж, начны цол тэмдгээ гардан авлаа.

Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож байсан. Тодруулбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабишир, Улсын начин Ц.Бямба-Очир нарын тав давсныг хүчингүйд тооцож байсан юм.

Б.Эрдэнэхүү тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт унасан ч энэ жилийн наадмын өмнө Улсын начин болж, улсын цолтныг нэгээр нэмлээ.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү 2015 онд нутгийнхаа наадамд найм даван түрүүлж, “Аймгийн хурц арслан” чимэг хүртжээ. Мөн 2016 онд Орхон аймгийн наадамд аймгийн заан Б.Гантөмөрт өвдөг шороодон үзүүрлэж байсан бол 2018 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Өрнөх” чимэг нэмсэн байна.

Б.Эрдэнэхүү Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарыг, гурвын даваанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, дөрвийн даваанд Улсын харцага М.Бадарчыг давж начны даваанд үлдсэн. Түүнийг тавын даваанд давсан Улсын гарьд Н.Ганбаатараас хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон учир Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зургадугаар сард болсон хурлаар Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлаад байсан юм.

Улсын начин Эрдэнэхүүгийн аав Болд нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөгөөд аймгийнхаа баяр наадамд 1989, 1994 онуудад түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой бөх аж. Мөн улсын баяр наадамд 1995, 2001 онуудад дөрөв давж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж