“Үндэсний статистикийн хороо” Монгол улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” гэсэн судалгааг хоёр дахь удаагаа зохион явуулжээ. Судалгаанд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн 19 багийн 114 хүнийг хамруулсан байна.
Уг судалгааны зорилго нь манай улсын хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүний:
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Хөгжил
- Хамгаалал
- Аж байдал
- Эрхийн хэрэгжилт
- Халдварт өвчний талаарх мэдлэг
- Хандлага, зан үйл
- Хүн амын сайжруулсан ундны ус
- Ариун цэврийн байгууламжийн хэрэглээ
- Гар угаах газар
- Иоджуулсан давсны хэрэглээ гэсэн чиглэлүүдээр статистик тоо мэдээллийг гаргах, баяжуулах зэрэг юм.
Энэ удаагийн судалгааны асуулга, үзүүлэлтийн хүрээ нь “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ын үйл явцын хяналтыг дэмжих зорилгоор өргөжиж, энэ хүрээнд хүүхдийн сурах суурь чадвар, эцэг эхийн оролцоо, насанд хүрэгчид болон хүүхдийн үйлдлийн чадвар, хохирсон байдал, өрхийн ундны усанд гэдэсний савханцар Е.коли илрүүлэх шинжилгээ зэрэг бүлгүүдийг нэмж, улсын хэмжээнд 14 мянга 500 өрхийг хамруулжээ.
Судалгааны үр дүнгээс товч танилцуулбал:
Жишээлбэл өрхийн ундны усны чанар, үйлчилгээг авч үзье.
Найдвартай ундны ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээнээс иргэдийн эрүүл мэнд хамааралтай. Эдгээр нь зөрчигдвөл цусан суулга, суулгалт, дизентери, гепатит А, гэдэсний хижиг, саа зэрэг өвчин тархах гол шалтгаан болдог.
Олон улсын стандартаар ундны усыг шалгахдаа сайжруулсан, суурь үйлчилгээ хангагдсан, аюулгүй зохион байгуулагдсан эсэхийг мэднэ. Харин чанарыг шалгахдаа эхлээд тухайн усаа ямар эх үүсвэрээс авч байгаа вэ гэдгийг тодорхойлно. Сайжруулсан ундны ус гэсэн ойлголтод төвлөрсөн систем, гүний худаг, хамгаалагдсан булаг шанд орно. Судалгаанд хамрагдсан хүн амын 22 хувь нь ундны усны сайжруулсан эх үүсвэртэй бөгөөд хэрэгцээтэй үед хангалттай хэмжээгээр бэлэн (хашаанд) байдаг, бохирдоогүй эх үүсвэртэй байгаа юм. Харин суурь үйлчилгээ хангагдсан гэдэгт энэ бүх эх үүсвэр ариун цэврийн шаардлага хангасан, хамгаалагдсан байхыг хэлнэ. Уг судалгаагаар хүн амын 82 хувь нь ундны усны суурь үйлчилгээ хангагдсан, ингэхдээ хот суурин газар 94 хувь, хөдөө орон нутагт 58 хувь байна. Энэ нь (хөдөөгийн) дөрвөн хүн тутмын нэг нь суурь үйлчилгээгээр хангагдаагүй буюу бохирлогдсон ундны ус ууж байна гэсэн үг.
ХДХВ/ДОХ-ны талаарх иргэдийн мэдлэг ямар байгаа тухайд:
Судалгаанд хамрагдсан 15-49 насны эмэгтэйчүүдийн 85,3 хувь, эрчүүдийн 83 хувь нь энэ халдварт өвчний талаар ямар нэгэн байдлаар сонсож байсан бол эдгээрийн дөнгөж 20 хувь нь л уг өвчний талаарх ойлголт хангалттай хэмжээнд байжээ. Ангилж үзвэл хотод эрэгтэй 21,5, эмэгтэй 22,8 хувь, хөдөөд эрэгтэй 17,1, эмэгтэй 12, хувьтай байна. Энэ судалгааг 2010 онтой харьцуулахад иргэдийн хүлээн авч байгаа бэлгийн замын өвчний мэдлэг, мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнийг “Нөхөн үржихүйн талаарх олон улсын төсөл хөтөлбөрүүд багассантай холбоотой иргэдийн мэдлэг, дадал, хандлага буурчээ” хэмээн судалгааны багийнхан үзэж байна.
Хүүхдийн хөгжил, боловсролын хувьд:
Энэхүү судалгаагаар ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн хөгжил, боловсролын асуудал шат ахих тутам хүйсийн ялгаа илүү тод харагдаж байгаа юм. Бага насны хүүхдүүдийн сурах, бие бялдрын хөгжил, нийгэмшихүй болох сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэсэн үзүүлэлтүүдээс гурвыг нь зохих шатанд хангасан хүүхдийн эзлэх хувь 2010 онд 85 хувь байсан бол энэ судалгааны дүнгээр 76 хувь болжээ. Хүйсээр нь ангилбал: охид 80 хувь, хөвгүүд 72 хувьтай байна. Эндээс үзэхэд сурч хөгжих, нийгэмших тал дээр хөвгүүд охидоос хоцрогджээ.
Сэтгэл санаа болон бие махбодын хувьд:
Улс орнуудын хувьд хүүхдийг хамгаалах, зөв зан үйлд сургах нь хүмүүжлийн салшгүй хэсэг байсаар ирсэн. Сэтгэл хөдлөлөө удирдаж, зөрчлийг даван туулж, зөв хүн болж төлөвшихөд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал. Гэвч манай улсад эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ цохиж, зодох, загнаж, сүрдүүлэх аргуудыг одоо болтол хэрэглэсээр л байна.
Судалгаанаас үзэхэд сэтгэл санааны шийтгэл (1-14 насны): охид 38, хөвгүүд 43 хувь, бие махбодын шийтгэл охид 23, хөвгүүд 33 хувь, ямар нэгэн шийтгэл хүлээсэн охид 45, хөвгүүд 53 хувьтай байна. Энэ нь хөвгүүд охидоос илүү шийтгэл хүлээсэн байгааг харуулж байна. Хүүхдийг хүмүүжүүлэхэд бие махбодын шийтгэл хэрэгтэй гэж боддог эцэг, эх (асран хамгаалагч)-ийн хувь 19 байгаа боловч бодит байдал дээр 28 хувь нь хүүхдэдээ гар хүрсэн байдаг нь тэдний үг, үйлдэл хоорондоо зөрчилдөж байдгийг мэдэж болно.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эрхлэлтийн байдал:
Судалгаагаар 5-17 насны хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт ямар байгааг тодорхойлжээ. Олон улсад хүүхдийн хөдөлмөрийг тодорхойлохдоо доорх хүснэгтэд зааснаас илүү хугацаагаар ажилласан тохиолдолд хөдөлмөр эрхэлсэн гэж үздэг.
Судалгааны үр дүнгээс харахад 5-17 насны хүүхдийн 17 хувь нь хөдөлмөр эрхэлсэн бөгөөд охид 13, хөвгүүд 20 хувь, гарчээ. Энэ үзүүлэлт хотод 11 хувь байгаа бол хөдөөд 27 хувь байгаа нь манай улс өрхийн мал аж ахуй эрхэлдэгтэй холбоотой гэнэ. Үүнээс үзэхэд хөвгүүдийн хөдөлмөр эрхлэлт ахиад л охидоос илүү байна.
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-аас харагдсан гол анхаарах зүйл юу байсан талаар асуухад “Судалгаанаас гарсан эцсийн үр дүн бүхэнд эрчүүдийн эзлэх хувь өндөр, өөрөөр хэлбэл сурах, хөгжих, хүмүүжих, хамгаалуулах, хөдөлмөр эрхлэх бүхий л түвшинд хөвгүүд охидоос сул байгааг бид харж байна. Тиймээс Монгол улс аль ч төвшиндөө хөвгүүдээ анхаарах цаг болжээ. Эртнээс ийм байсан, одоо ч ийм л байна” гэдгийг “Үндэсний статистикийн хороо”-ны нийгмийн статистикийн газрын статистикч Т.Алтанцэцэг онцолж байлаа.
Бид хүүхдүүдээ охид, хөвгүүд гэж хүйсээр нь ялгалгүй хувь хүн талаас харж, хандаж, үйл ажиллагаагаа чиглүүлж байвал тэдний нийгмийн ялгарал ийм зөрүүтэй байхгүй болов уу. Нөгөөтэйгүүр эхнэр, нөхрийн гэр бүлдээ эзлэх байр суурь, албан тушаалын зөрчилдөөнөөс болсон гэр бүл салалтын тоо буурах боломжтой юм.
Ц.АРИУНЗАЯА