ХБ-наас 1 ч төгрөгийн зээл аваагүй хэрнээ гүтгүүлсэн

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

ХБ-наас 1 ч төгрөгийн зээл аваагүй хэрнээ гүтгүүлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ингэхдээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй. Тухайлбал, бусдыг гүтгэвэл Зөрчлийн хуульд зааснаар 2 сая төгрөгөөр торгуулах болж байна.

Энэ заалтаар санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Энэ заалтыг нухацтай авч үзэх ёстой. Хэвлэлийнхэн хүнийг гүтгэж болно гэсэн үг биш, гэхдээ барьж хорих, мөнгөн торгууль ногдуулахгүй байхаар зохицуулъя” гэж ярьсан нь юу болчих вэ” гэж лавлав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би бол гүтгэх гэдгийг зөвхөн улстөр, хэвлэл гэдэг утгаар ойлгохгүй байгаа. Үүнд олон зүйл хамаатай. Хүүхэд нь хилсээр хэрэгт гүтгэгдэхээр эцэг нь цус харвадаг, нэг эрээс болж хоёр эмэгтэй биенээ аймаар гүтгэх зэрэг тохиолдлууд бий. Ийм учраас сайн ярих ёстой. Ер нь гүтгэнэ гэдэг хөлөө хугалуулснаас ч дор. Тэгэхдээ энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шатанд Зөрчлийн хууль руу оруулсан” гэж тайлбарлав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хөгжлийн банкнаас С.Бямбацогтын компани, М.Энхболдын компани нэг ч төгрөгийн зээл аваагүй, тэгсэн хэрнээ олон тэрбумын зээл авсан гээд гүтгүүлээд сууж байгаа. Биенээ гүтгээд хариуцлага тооцохгүй байх нь хариуцлагагүй явдал”.

УИХ-ын гишүүн А.Бакей “Маш их хэмжээгээр гүтгүүлчихээд 2 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч болохгүй. Ногдуулах хариуцлага нь болохгүй байна, тийм учраас дэмжихгүй”.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өндөр торгуультай байх гэдэг гол зорилго биш. Гүтгүүлсний дараа хохирлоо төлүүлэх боломж нь Зөрчлийн хуулиар маш хурдан шийдэгдэнэ” гэсэн тайлбар хийж байлаа.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж