Австралийн оюутан Алек Сиглиг Хойд Солонгосын Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.
Өдгөө 29 настай Сигли бараг долоо хоног саатуулагдсаны эцэст өнгөрсөн Пүрэв гаригт суллагдан, Бээжингийн нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд бүх зүйл хэвийн байгаа талаар мэдэгдсэн билээ.
Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас австрали оюутан Алек Сиглиг тагнуул хийсэн хэрэгт буруутган саатуулсан гэж мэдэгджээ.
Тус агентлагийн мэдэгдэлд "Түүнийг интернэтээр БНАСАУ-ын эсрэг өдөөн хатгалга явуулсан хэргээр зургадугаар сарын 25-ны өдөр холбогдох байгууллагаас саатуулсан" хэмээн дурдсан байна. Мөн “Хойд Солонгос австрали оюутанд "хүмүүнлэг өршөөл" үзүүлсэн” гэж нэмж мэдээлжээ.
Алек Сигли нь Перт хотод төрсөн, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Пхеньянд амьдарч Ким Ир Сений их сургуульд Солонгосын утга зохиол судлалаар мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байсан аж. Тэрбээр өөрийгөө Хойд Солонгост амьдарч буй цорын ганц австрали хүн хэмээн гэрийнхэндээ хэлж байжээ.
Сигли ази судлалаар хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Азийн орнуудаар аялж байсан туршлагатай, хятад солонгос япон хэлтэй. Өнгөрсөн жил тэрбээр Хойд Солонгост япон бүсгүйтэй хуримаа хийсэн бөгөөд эхнэр нь түүнтэй хамт Пеньянд амьдардаггүй байжээ.
Эх сурвалж: CNN